Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 6-нд Архангай аймгаас Улаанбаатар хот руу нэвтрэхээр Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр хувийн автомашинтай зургаан иргэн ирсэн. Тухайн иргэд PCR шинжилгээ хийлгээгүй байсан бөгөөд 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадаагүй нэг иргэн нас барсан. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж, шалгаж байгаа аж.
Тухайн үед НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар мэдээлэхдээ “Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн шөнө Архангай аймгаас хувийн автомашинтай ирсэн зургаан зорчигч шинжилгээ өгөөгүй байсан. Тиймээс бид PCR шинжилгээ авахаар төлөвлөөд байсан. Энэ хугацаанд тус аймгаас ирсэн иргэн О-гийн биеийн байдал муудаж, нийслэлийн түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн төвөөс анхны тусламж үзүүлэх хооронд тухайн иргэн нас барсан. Цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэдгийг хэлж байв.