Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг 2020 оны тавдугаар сарын 17-нд гарсан. Бүтэн жил тойрч буй энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч Прокурор руу хэргийг буцаалаа. Шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзсэн байна.
Хэргийн хариуцагчаар “Хан Талст” компани татагдсан. Амиа алдсан дөрвөн хүүхдийн ар гэрийнхэн өчигдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийхдээ “Хэрэг явдал болсноос хойш арван сарын хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Өмнө нь шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч дөрвөн удаа шүүхээс буцаагдсан. “Хан Талст” компанийн зүгээс сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэх тайлбар өгсөн. Хүүхдүүдийн буяны ажилд тус бүр хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Мөн шинэ жилийн өмнө гурван айлд хүнсний тусламж үзүүлж нэг, нэг сая төгрөг өгсөн. Хохирогчийн талаас “Хан Талст” компанитай тохиролцсоны үндсэн дээр гурван өрх тус бүр 20 сая төгрөг нэхэмжилсэн. Гэвч 20 сая төгрөг өгөөгүй байгаа” гэлээ.