Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олдог Паалуу хочит А.Баттогтох, Энхцэцэг нар нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тухайн этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болж ЭХТА-ийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /мөрийтэй тоглоом зохион байгуулах/ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож мөрийтэй тоглоом зохион байгуулсан Паалуу хочит А.Баттогтоход 2 жил 3 сарын хорих ял, гэмт хэрэг хамтран үйлдсэн Энхцэцэгийг 3.000.000 /гурван сая төгрөгөөр/ торгох ялаар тус тус шийтгэл оногдуулсан байна.
ЭХТА-ийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу "Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.