УДЭТ-д гуравдугаар сарын 6-нд коронавирусийн халдварын голомт бүртгэгдсэн билээ. Тус голомтоос уран бүтээлчид халдвар аван эмчлүүлсэн талаар ЭМЯ-ны мэдээлж байсан.
Тэгвэл УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар өчигдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан коронавирусийн халдвар аваад эдгэсэн талаараа лайв хийн иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Гуравдугаар сарын 6-нд манай уран бүтээлчдийн нэгээс ковид илэрлээ гээд “Анна Каренина” жүжгийг зогсоон үзэгчдийг тараан 112 хүн PCR шинжилгээг яаралтай өгсөн. 7-ноос сөрөг гарсан хүмүүсийн хариу утсан дээр ирж эхэлсэн. Миний хувьд 7-ны 20:00 цагт ХӨСҮТ, цагдаа, УОК-оос залган хариу эерэг гарсан талаар хэлж явсан маршрут асуусан. Анх шинжилгээний хариугаа эерэг гэж сонсоод шоконд ордог юм билээ. Гэхдээ би 6-нд шинжилгээ өгч ирээд гэртээ эхнэр хүүхдүүдээсээ зай барьж үүдний бие засах өрөөндөө орж болохгүй гээд өөрийгөө тусгаарласан нь маш зөвдсөн байсан. Хэдийгээр миний хариу эерэг гарсан ч гэрийнхний хариу сөрөг гарсан. 7-нд намайг ирж эмнэлэг рүү авч явахад гэрийнхнээс шинжилгээ авсан. Давтан шинжилгээнүүд бүгд сөрөг гарсан.
Ковид тусахад сэтгэл санаа асар их нөлөөлдөг юм байна. Гэрийнхэндээ санаа зовохоор хүний дархлаа унадаг юм байна. Бие өвдөөд ч байгаа юм шиг. Харин гэрийхний хариу сөрөг гарлаа гэхэд санаа амраад хамаг зүйл сайхан болдог юм билээ. Дархлаа гэдэг бол сэтгэл санаатай маш их холбоотой байдаг юм байн гэж би ойлгосон.
Буянт-Ухаа хорооллын урд байдаг Эх нялхасын шинэ эмнэлэгт бид очсон. Драмын театраас илэрсэн 54 хүний нэг нь болж очсон. Шинэ эмнэлэг маш цэвэрхэн байсан. Хоёр болон таваараа нэг өрөөнд орсон.
Эмнэлэгт очсоны маргааш цус, шээсээр шинжилгээ авсан. Бидэнд 1000-тай витамин С, 4000-тай витамин Д өгөөд санал асуусан. Та зөвхөн витамин уугаад явах уу, манай ардын уламжлалын тан уух уу гээд. Хоёуланг нь зэрэг хэрэглэж болно гэсэн болохоор хавсарч хэрэглэхээр саналаа өгөөд Норов-7, Мана-4 тан, витамин С, витамин Д-тэй эмчилгээ эхэлсэн.
Сошиалаар 463 хүнд халдвар илэрлээ гээд нийгэм даяараа сандарч өвдөөд эдгэрсэн хүмүүс яагаад юу ч хэлж, ярихгүй байгаа юм бэ, юу нуугаад байгаа юм бэ, Зөрчлийн хуулиар торгодог болохоор айгаад байгаа юм уу гээд иргэд айдаст автах шинжтэй надад санагдсан.
Тиймээс иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэхүү лайвыг хийж байна. Эмнэлэгт байх хугацаанд үнэрлэх мэдрэмж хоёр өдөр л алдсан. Хүний дархлаа, биеийн эсэргүүцлээс болдог юм билээ. Зарим нь амтлах, үнэрлэх чадвараа алдаж байсан. Зарим нь халуурч, толгой эргэх шинж илэрч байсан.
Хөнгөн хэлбэрээр халдвар авсан иргэдийг Буянт-Ухаагийн шинэ эмнэлэгт эмчилж байсан.
Арай хүнд суурь өвчтэй хүмүүсийг ХӨСҮТ рүү явуулж байсан.
Эерэг галаа гэсэн мэдээг аваад хүн их цочирддог юм билээ. Тиймээс айж сандралгүйгээр явсан маршрутаа зөв хэлэх хэрэгтэй гэж би бодсон.
Хүмүүс яагаад эдгэрч гараад хэлдэггүй юм бэ гэдэг дээр би хүмүүс нийгмийн хандлагаа айгаад юм байна гэдгийг маш их ойлголоо. Ковид тусаад эдгэрсэн гэж гарч ирж байгаа ч иргэд өөрөөс нь зай барих вий, сэжиглэн нийгмээрээ нулимах вий дээ гэж айдаг учраас ил гарч хэлдэггүй юм байна.
Миний хувьд хүмүүст зөв ойлголт өгч бүгдээрээ нэгдэж байж цар тахлын ард гарах юм байна гээд энэхүү лайвыг хийж байна. Эдгээд гарсан хүмүүст Зөрчлийн хуулиар далайлган гарын үсэг зуруулдаг зүйл байхгүй юм билээ” хэмээн ярилаа.