Цахим сүлжээнд ДЦС-4 ТӨХК-ийн вакцин хийлгэсэн 16 хүнээс халдвар илэрсэн тухай мэдээлэл тарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрээр “Одоогоор бидэнд ДЦС-4 ТӨХК-ийн вакцин хийлгэсэн иргэдээс халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирээгүй байна. Вакцин хийлгэсэн иргэдээс халдвар илэрсэн тохиолдлууд гарсан. Өнөөдрийн байдлаар хэдэн хүнээс халдвар илэрсэн тоо нэгтгэгдээгүй байна. Хоёр өөр систем дээр тоон үзүүлэлтүүд байдаг учраас нэгтгэх ажлыг хийж байгаа” гэх тайлбарыг өглөө.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодруулахад “ДЦС-4 ТӨХК-д гуравдугаар сарын 15-наас халдварын голомт бүртгэгдсэн. Одоогоор уг голомт хумигдаагүй идэвхтэй байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүсээс сүүлийн үед халдвар илэрч байгаа. Вакцины эхний тунг хийлгэснээр халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцины хоёр тунг бүхэн авснаас хойш 14 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно. Тиймээс вакцин хийлгэсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар биелүүлэхийг сануулсаар байгаа.
Гуравдугаар сарын 25-ны байдлаар халдварын 84 голомт байгаагаас 48 голомт нь идэвхтэй байна” гэдэг мэдээллийг өглөө.
ЭМ-ийн сайд өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтад хамрагдсан хоёр иргэнээс халдвар илэрсэн тухай мэдээлж байсан билээ.