Өөрийгөө Чингисхаан гэж Улсын бүртгэлийн газарт нэрээ өөрчилсөн залууг М.Баасанжаргал гэдэг. Аав, ээжээс өгсөн нэрээ Чингисхаан гэж өөрчлөн “Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө. 2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ” гэж сошиалд багагүй шуугиан тарьдаг нэгэн.
Тэрбээр өчигдөр шөнө цахимд 23 цагаас хойш согтуугаар тээврийн хөдөлгөөн жолоодон зохих хурдны заалтыг зөрчин 100 км цагийн хурдтай давхиж байгаа бичлэгээ байршуулан олон хүний бухимдлыг төрүүлсэн.
Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн түүнийг үйлдэл дээр нь ТЦА-ны алба хаагч нар баривчилсан юм.
11.4 мянган хүн энэхүү лайвыг үзэн дургүйцлээ илэрхийлжээ.
Тэрбээр шаардлага тавьсан замын цагдаа доромжилж, фэйсбүүкт согтуугаар машин жолоодож яваа үйлдлээ лайв хийсэн ба түүнийг хэсэг хугацааны дараа цагдаа нар саатуулан, эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр М.Баасанжаргал Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоножээ.
Түүний дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дахь хэсэгт зааснаар (Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих) хариуцлага тооцохоор болсон байна.
Өөрөөр хэлбэл, иргэн М.Баасанжаргалын жолоо барих эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох аж.
Харин иргэн М.Баасанжаргалын замын цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон үйлдэлд нь тохирох хариуцлагыг хүлээлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.