Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан энэ оны гурав дахь Гранд Сламын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн Тбилисийн Гранд Сламд таван тивийн 80 орны 441 тамирчид зодоглов. Монгол Улсаас нийт 12 тамирчин оролцсон бөгөөд хоёр алтан медаль, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
Япон, Солонгос, Франц гэсэн бөхийн орнууд тамирчдаа илгээгээгүй учир бөх сонирхогчдын эчнээ мэддэг, дэлхийн шилдгүүдээс Гүржийн Важа Маргвелашвили, Тато Григалашвили, Канадын Гриста Дегүчи, Узбекистаны Шарафуддин Лутфиллаев тэргүүтэй тоотой цөөхөн бөхчүүд л оролцсон. Таамаг ёсоор тэмцээний гол фаворитуудын нэг байсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг хоёр жинд түрүүлж, хоёр жинд хүрэл медаль хүртэж МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Г.Хэрлэн, Г.Алтанбагана нар чансааны оноогоо ахиулаад амжив.
Эрэгтэй -73 кг
- Алт – Ц.Цогтбаатар (Монгол)
- Мөнгө – Артур Маргелидон (Канад)
- Хүрэл – Лаша Шавдатуашвили (Гүрж)
- Хүрэл – Алеко Мамиашвили (Гүрж)
Эрэгтэй -90 кг
- Алт – Маркус Ниман (Швед)
- Мөнгө – Николас Мунгаи (Итали)
- Хүрэл – Давлат Бобонов (Узбекистан)
- Хүрэл – Г.Алтанбагана (Монгол)
Эрэгтэй жинд талбайн эзэд болох Гүржийн тамирчид бараг жин бүр дээр медалийн тавцанд зогсч байлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч Япон, Солонгосын эрэгтэй шилдэг жүдочид оролцоогүй учир Европ тивийнхэн давамгайлсан.
Эмэгтэй -48 кг
- Алт – М.Уранцэцэг (Монгол)
- Мөнгө – Францеска Милани (Итали)
- Хүрэл – Жулиа Фигуероа (Испани)
- Хүрэл – Маруса Стангар (Словени)
МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар ийнхүү хоёр Гранд Слам дараалан түрүүллээ.
Эмэгтэй дэлхийн чансааг тэргүүлэгчдээс М.Уранцэцэг, Криста Дегүчи, Нора Гжокова зэрэг цөөхөн тамирчид энэ удаагийн Гранд Сламд оролцсон учир залуу тамирчид өөрсдийгөө харуулах боломж бүрэн дүүрэн байлаа. Сүүлийн үед тодроод буй Их Британийн Челси Жайлес, Оросын Мадина Таимозова тэргүүтэй залуу бөхчүүд олдсон боломжийг алдалгүй медальтай нутаг буцав. Мөн сүүлийн хэдэн тэмцээнд оролцоогүй байсан Япон гаралтай Канадын иргэншилтэй Криста Дегүчи эргэн ирж, хүрэл медаль хүртсэн нь сонирхол татсан. Канадууд удахгүй тун чухал шийдвэр гаргаж, Жессика Климкайт, Криста Дегүчи нарын хэн нь олимпод оролцохыг шийднэ. Сүүлд гарсан мэдээллээр ирэх зургадугаар сард хоёр бөхийг халз барилдуулах гэнэ.
Ирэх дөрөвдүгээр сарын 1-3-нд Антальяагийн Гранд Слам болно.
Тбиллисийн Гранд Сламыг багийн дүнгээр талбайн эзэн орон болох Гүржүүд тэргүүлсэн бол тэдний Канад, Монгол, Итали, Узбекистан зэрэг улсууд удаалжээ.