“Тэр” буландаа “Нисванис” хамтлагийн ахлагч, дуучин, хөгжмийн кохиолч Лонжидын Энх-Амгаланг урьж ярилцлаа. Энэ жил “Нисванис” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын улмаас ойдоо зориулан хийхээр төлөвлөсөн ажлууд нь хэсэг хугацаанд хойшилжээ. Түүнтэй 25 жилийн өмнө хамтлагаа хэрхэн байгуулж байсан болоод гэр бүл, уран бүтээлийн талаар ярилцлаа.
-“Нисванис” хамтлагаа анх хэрхэн байгуулж байв. Энэ жил 25 жилийн ой тохиож байгаа. Ойн баяраа хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна даа?
-Би 1995 онд хөгжмийн багшийн коллежийг төгсөөд 1996 оноос “Нисванис” хамтлагаа байгуулаад одоогоор 25 жил болж байна.
Хөгжмийн багшийн коллежид сурдаг байсан найзуудтайгаа Дархаа, Цацаа, Тамираа, Мөнгүүл, Алтан-Эрдэнэ гээд найзуудтайгаа анх хамтлаг байгуулж байсан.
Тухайн үед 1996 оны 11 сард Соёлын төв өргөөнд тоглож байсан.
Тухайн жилдээ “Пентатоник”-ийн Debut хамтлаг шагнал аваад тэгээд эхэлж байсан. Тухайн үедээ “BOOM” болоод л.
Жил болгон 4 сарын 9-нд “Nis Nis Fest” гээд манай хамтлагийн зохион байгуулдаг рок фестиваль байдаг. Энэ жил хойшлогдоод есөн сард хийхээр төлөвлөөд байгаа.
Мөн 25 жилийн ой гээд зургаан ангит баримтат киноны төсөл яригдаад эхлээд явж байна.
Шинэ CD-ны ажлаа эхлээд орхисон байгаа.
-“Сургууль нуруусай”, “Эмийн сан руу алхсан нь” гарсан даруйдаа л олны анхаарлыг татан хит болж байсан?
-Анх 1996-1997 онд манай дуунууд гарч байхад хүмүүсийн чих нь бөглөөтэй байсан. Чихнийх нь бөглөөг гарсан гэх юм уу даа. Тухайн үедээ пүү, паа гэх нь пүү, паа гээд л, гайхах нь гайхаад, алмайрах нь алмайраад тийм хөгжилтэй зүйлүүд маш их тохиолдож байсан.
Жишээ нь, “Сургууль нураасай” гэхэд л шар сонин дээр Эд нар чинь багшгүй хүмүүс байсан юм уу, хаашаа юм. Доромжиллоо” гэж байсан.
Яг дууг нь сонсоогүй мөртлөө зүгээр л нэрээс сенсацилаад явчихдаг байсан.
Бид нийгэмд өгч байгаа мессэж гэх юм уу. Гэхдээ нээх лаг юм бол бодоогүй л дээ. Зүгээр л сахилгагүйтмээр санагдсан. Тэрийгээ бол хийсэн.
-Хамтлагийн уран бүтээлээс гадна хэд хэдэн киноны хөгжим дээр ажилсан шүү дээ.
-ТВ5 телевизийн бүх олон ангит киноны хөгжим дээр эхнээс нь ажиллаад бага багаар дэвшээд дээшлээд сураад явж байна.
-Амьд хөгжмийн “Play time” наадамд танай хамтлаг жил бүр оролцдог. Оролцолгүй өнжсөн жил байдаг болов уу?
-“Play time”-ыг анхнаас нь манай хамтлаг оролцож дэмжсэн. Зохион байгуулагч Нацагаа найздаа хэлдэг л дээ “Би чинь “Play time”-ын хоёрдугаар дарга шүү” гэж наргиа маягаар. Нэг л удаа ээжийгээ дагуулан нутгаар нь аялж таарсан болохоор оролцолгүй өнжиж байлаа.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багаасаа урлагт ойр өссөн гэж дуулсан?
-Би 10 хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Багадаа нэлээн эрх танхил өссөн гэж боддог.
Ээж, аав маань урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүс байсан. Түүний тусгал нь надаар илэрхийлэгдэж гардаг болов уу.
Дунд сургуульдаа нийгмийн идэвх сайтай Эрдэнэт хотын пионерийн зөвлөлийн гишүүн байсан.
Оюутан болоод оюутны зөвлөлд ажилладаг нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан.
5 дугаар ангиасаа эгч нараараа гитар заалгаад, ээжээрээ мондалин хөгжим заалгаад, ааваараа морин хуур, лимбэ заалгаад манай гэр чинь гэр бүлийн хамтлаг гаргадаг бүгд хөгжмийн тодорхой боловсролтой хүмүүс.
-Амьд хөгжимд анх хэрхэн дурлаж байв?
-Тухайн үед анх оросын телевизээр хаяа нэг “Битлз” гарна. “Битлз”-ийг үзээд гайхаад, үүн шиг л хамтлагтай болно гэж мөрөөддөг байсан. Багшийн сургуульд ирээд хөгжмийн онолын мэдэгдэхүүн аваад одоогийн Энх-Амгалан үүссэн.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Т.Алтанзул гэдэг. Радио, телевиз сургуулийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн. Одоо манай гэрийн фронт командлагч. Охин бид хоёрыг ерөнхийлөн захирагч.
-Эхнэртэйгээ анх яаж танилцаж байв?
-Эхнэртэйгээ Валентины баяраар манай тоглолт гараад найзуудаар нь дамжуулна танилцаж байсан. Эхнэр маань манай хамтлагийн улаан фен байлаа. Одоо бол дарга болсон.
-Аав, ээжийнхээ ямар захиасыг амьдралдаа мөрдлөг болгодог вэ?
-Бурхны оронд байгаа аав, ээж минь өдөр бүр л бодогддог. Аан ээж ингэж хэлээд байсан нь ийм учиртай юм уу, аав тэгж хандаад байсан гээд одоо өөрөө хүүхэдтэй болохоор тэр бүхнийг ойлгодог юм байна.
Гэхдээ миний аав ээжийн нэг сайхан зүйл нь хүүхдүүдээ дандаа дэмждэг, ойлгодог байсан.
Намайг урлагийн хүн больё гэхэд шууд дэмжсэн. Хамтлаг байгуулна гэхэд шууд дэмжсэн.
Би аав дээрээ 2000 онд очоод “Хүчилтөрөгч” CD-г тэр л “Сургууль нураасай” Эмийн сан руу алхсан” нь дууг сонсгож байхад аав надад бас шүлэг бичиж өгөөд “Аав нь хэлмэгдүүлэлтийн тухай шүлэг бичсэн. Танай хамтлагт л таарна” гээд л. Тэгээд би тэрийг нь уншаад аав аа энэ арай хүнд юм аа” гэх шиг. Аавынхаа шүлгийг голдог би одоо хэн бэ тээ.
“Үнэнч, шударга, зарчимч яваарай” гэдэг аавынхаа захиасыг аль болох биелүүлэхийг хичээж явдаг даа.