Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны 06.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглохоор шийдвэрлэлээ.
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр болсон байна.
Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн Засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
Мөн Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Энэ хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг цар тахлын халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхийг албаныхан мэдээллээ.
Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлжээ.