Иргэний нисэхийн үндэсний төвийн нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын "Хил хязгааргүй Агаарын навигаци" нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ.
Тэрбээр нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын агаарын зайд ижил өндөрт, нэг цэг рүү нислэг үйлдэж байсан хоёр агаарын хөлгийг мөргөлдөх аюулаас аварсан байна. Тодруулбал ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан "Кореэйн Эйр" компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан "Аэрофлот" компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын хилийн орчимд аюул тулгарсан ба мэргэжлийн сонор сэрэмжээр анхааран харж Эрхүүгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв рүү утсаар ярьж сануулжээ. Үүний үр дүнд уг хоёр онгоцыг мөргөлдөхөөс нэг минутын өмнө өндөрүүдийг нь солих анхааруулгыг өгчээ.
Түүний энэхүү гавьяаг Олон улсын "Хил хязгааргүй Агаарын навигаци" нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс сайшаан "Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой гавьяа байгуулсны төлөө" дипломоор шагнасан байна. Түүнчлэн уг нийгэмлэгийн "Агаарын навигацийн түүх хувь хүмүүсийн дүрээр" хэмээх түүхэн галерейд зураг түүхийг нь байршуулахаар шийдвэрлэжээ.