Хавдартай иргэдийг өнөөдрөөс эхлэн Файзер вакцинаар дархлаажуулж эхэллээ. Олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрөөс хандивлаж буй 25740 тун Файзер вакциныг хүлээж авах албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д болсон юм.
Тус вакцины хариу урвал харьцангуй бага тул эрхтэн шилжүүлэн суулгасан болон архаг хууч өвчтэй иргэдэд хийхээр төлөвлөсөн. Вакцин хүлээж авах үйл ажиллагааны үеэр зорилтот бүлгийн иргэдэд тус вакциныг хийж, Монгол Улс хавдартай иргэдийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад албан ёсоор хамруулж эхэллээ.
COVAX хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-нд 14400 тун АстраЗенека вакцин ирсэн.
Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд одоогоор 257 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна.