Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар банкуудад ажилласан. Энэ үеэрээ тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга гарцгүй нөхцөл байдал үүслээ.
Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна.
Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон” гэдгийг тодотгосон юм.
Сануулахад, ЭМЯ-ын өнөөдрийн мэдээллээр шинээр бүртгэгдсэн халдварын тоо 437 болж нэмэгдсэн гэдгийг мэдээлсэн юм.