Монголын Засгийн газраас Оюутолгойн асуудлаар “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Х.Нямбаатар “Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг Рио Тинто нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөж тавиад, одоо энэ асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн байгаа. Тухайлбал, 2012 оноос хойш Рио Тинто Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсаан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан.
Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ өнөөдөр дуулгах гэсэн юм.
Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа гэдгийг хэлье.
Ирэх долоо хоногийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулъя гэдэг саналыг Ажлын хэсгээс Ерөнхий сайдад танилцуулах гэж байгаа.
Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлэх гэж байгаа. Яг энэ цаг үед АНУ-д болж байгаа үйл явдлууд манай Засгийн газраас өмнө нь гаргаж байсан санаачлагуудын хүрээнд, далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал нэлээн өндрөө аваад явж байна.
Зургаадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарна. АНУ,Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд давхар хийгдээд явж байгаа.
Эдгээр байгууллагууд бол дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж байна. Манай Засгийн газарт нааштай шийдвэрийг гаргахуйц эхний мэдээллүүд гарч байна.
Хатуухан хэлэхэд, маш олон улстөрч Оюутолгойн талаар ярьж, сонгуулийн сэдэв болгосоор ирсэн. Ажлын хэсэгт УИХ-аас гишүүд байгаа. Тэдний нэлээд нь Оюутолгой төсөлтэй холбоотой саналаа албан ёсоор одоог болтол гаргаж өгөөгүй. Ам, ажил нийлдэг байх хэрэгтэй.
Миний ахлан ажиллаж байгаа Ажлын хэсэг энэ төслийг Монголын эдийн засагт ашигтай байдлаар хэрэгжүүлэхийн тулд олон жил ярьсан асуудлыг нэг талд гаргахад анхаарч асуудлын гүн рүү нь орж ажиллана" гэв.