“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тухайн ажлын байрыг дэмжих зээл нь 615 зээлдэгчид хүрч 41.8 тэрбум төгрөгийг олгосон гэж Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын 24-ны засгийн газрын хуралдааны үеэр танилцуулав.
Иргэд болон аж ахуй нэгжүүдийг санхүүгийн хямралаас аврах энэхүү төлөвлөгөөг шинээр бүрэлдсэн Л.Оюун-Эрдэнийн засгийн газар найруулсан гэдэг. Тухайн зээлийг олгоход урьд өмнөхөөсөө илүү түргэн шуурхай үйлчилж байгаа талаар онцолсон байдаг. Тэгвэл 11 хоногийн хугацаанд 25.9 мянган зээлдэгчийн хүсэлтийг арилжааны банкууд хүлээн авчээ. Үүнээс 615 зээлдэгчид тухайн зээлийг олгосон байна. Харин үлдсэн 25285 зээлдэгчийн хүсэлтийг цуцалсан байж таарлаа. Тэгвэл ажлын байрыг дэмжих зээлийг олгох гол шалгуур нь тухайн ААН нь НӨАТ төлөгч болсон байхыг сангийн яам болон банкууд шаардсан.
Харин НӨАТ төлөгч болсон ч тухайн зээлийг авч чадахгүй байгаа аж ахуй нэгжүүд олон байгаа билээ.
Банкууд иргэн, аж ахуй нэгжээс шаардаж буй шаардлагад:
- Тухайн авсан зээлийг зөвхөн, эргэлтийн хөрөнгөнд зарцуулна
- Мөн тухайн байгууллага НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх
- Мөн НӨАТ төлөгч байгууллага нь татварын өр үлдэгдэлгүй байх гэх шалгуурыг тавьжээ.
Мөн энэхүү зээлийг авсан тохиолдолд “дахин өөр зээл авах боломжгүй ба харин бизнесийн эсвэл үндсэн хөрөнгийн зээл авсан тохиолдолд тухайн ажлын байрыг дэмжих зээлээс бага хэмжээг авах боломжтой” гэж хүнсний худалдаа эрхлэгч ААН-д шаардлага тавьсан байна.
Ингэснээр иргэн болон аж ахуй нэгжид зориулж буй тухайн зээл нь нэн хөрөнгийн шаардлагатай жижиг компани, аж ахуй нэгжүүд хүртэж чадахгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Учир нь ажлын байрыг дэмжих зээлийн шалгуур хэтэрхий өндөр байгаагаас үүдэлтэй.
Гэтэл Сангийн яамнаас тухайн зээлтэй холбоотой ямар нэгэн журам баталж банкуудад явуулаагүй. Тодруулбал зээл олгох шалгуур болон нөхцөл тусгасан бичгээр илэрхийлсэн хууль ёсны бичиг баримт байхгүй гэсэн үг. Ингэснээр тухайн зээлийг арилжааны банкууд зөвхөн өөрсдийн харж буй өнцгөөр өгч байгаа юм.
Тус зээлтэй холбоотойгоор арилжааны банкуудын шаардлагыг тодруулахад “Гол нь тухайн аж ахуй нэгж нь НӨАТ төлөгч байх шаардлагатай. Мөн барьцаа хөрөнгөтэй. Хэрвээ барьцаагүй бол зээлийн батлан даалтын сангаас 60 хувийн барьцаа хөрөнгийг батлан даана” гэв.
Тэгвэл барьцаа хөрөнгөгүй учраас зээлийн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгө гаргуулахыг хүсвэл "200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой" байх шаардлагатай гэжээ. Иймд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний дэлгүүр, өрхийн бизнес эрхлэгч, хүнсний худалдаа эрхлэгч нарт тухайн зээл хамааралгүй бололтой. Өөрөөр хэлбэл дээрх банкуудын шаардлагад нийцэх жижиг бизнес эрхлэгч гэж байхгүй. Харин томоохон хөрөнгө оруулалт бүхий компаниуд 100-200 хүртэл түүнээс их ажилтантай байдаг учраас тэдэнд энэ зээл хялбар олох боломж бүрдэж байгаа юм. Энэ ажлын байрыг дэмжих 3 их наядын төсөвтэй тухайн төлөвлөгөө нь өөрөө учир дутагдалтай хэрэгжиж эхэлсний илрэл ийнхүү харагдаж байна. Аж ахуй нэгжийг дэмжих бага хүүтэй зээл гэж сайхан нэртэй боловч чин үнэндээ нэрийн дор томоохон худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчидэд сайхан боломжийг бүрдүүлжээ. Тэгвэл энэ төлөвлөгөө бодит амьдрал дээрх жижиг бизнес эрхлэгч нарт "падлийгүй" нь зээлд тавьсан шалгуур, нөхцлөөр харагдаж байна. Өнөө л нэг яригддаг ЖДҮ-г дэмжих зээл, 888 хөтөлбөр шиг том "артай", том "боссууд"-ын гарт орох шинжтэй.