Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн дотоодын халдвар нийт 6 болжээ.
Тодруулбал, Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэнээс КОВИД-19 вирусийн халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6,000 орчим хавьтлыг тодорхойлж, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэнд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байна гэж Аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.