С.Зориг агсаны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон. Харин эрүүдэн шүүсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм. Мөн сүүлд гүйцэтгэх ажиллагаа явуулж Т.Чимгээг өөрийгөө хамгаалах чадваргүй байхад гарынх нь хээг авч байгаа бичлэгийн зарим хэсгийг нууцаас гаргаж, олон нийтэд цацаад билээ. Энэ бүх үйл явдалтай холбогдуулан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүллээ. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэн хоригдож буй гэх Т.Чимгээг шоронгоос суллахыг шаардан төрсөн ах Т.Хүрэлбат “Хэлмэгдэсэгдийн хөшөө”-ний хажууд өлсгөлөн зарлаж эхэллээ.
Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат “Би ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээгээд "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний хажууд суулт зарлаж эхлэхээ мэдэгдэж байна. Гэрээслэлийн тухайд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй Т.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна гэж бичсэн.
Дүүг маань зодож, хүчээр хэрэг үүрүүлсэн нь хэн ч харсан тодорхой байсан болохоор энэ асуудлыг шийдэх байх гээд хоёр жил хүлээлээ. Одоо дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байгаа тул би ийм тэмцлийн хэлбэрийг сонгосон. Хоёрдугаар сард намайг очиж уулзахад "ахаа би гармаар байна" гэсэн. Би хуулийг хүндэтгээд зургаан жил дүүгээ шоронд суулгасан. Одоо надад үүнээс өөрөөр тэмцэх ямар ч арга үлдээгүй. Би амь насаа дэнчин тавиад эцсээ хүртэл өлсгөлөн зарлана.
Чимгээг шоронгоос яаралтай суллахыг шаардсан шаардлагыг Ерөнхийлөгчид бас хүргүүлэхээр бэлдсэн. Жишээ нь Б.Хурцын эхнэр Сарнай гэх хүнийг нүцгэлж байгаад зургийг нь авчихвал Б.Хурц зураг авсан хүнтэй хэрүүл хийх үү, хариуцаж хийлгэсэн хүнтэй нь хариуцлага тооцно шүү дээ. Монгол Улсын шүүх, прокурор шударга болоход хэдэн хүний амь нас хэрэгтэй юм.
Дээрээс нь цагдаа нар авч явахаас айхгүй. Хэрэв авч явбал шорон дотор өлсгөлөн зарлана. Сая Чимгээгийн нөхөр надтай хамт сулла гэсэн бичгээ бариад ирж явтал цагдаа барьж авахаар нь би зугтаагаад та бүхэнд ирж мэдээлэл өгч байгаа нь энэ” гэлээ.
Т.Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарт өнгөрсөн оны 7-р сард 3 жилийн хорих ял оноосон ч, давж заалдах шатны шүүхээс ялыг хүчингүй болгосон. Хамгийн сүүлд эдгээр хүмүүсийг батлан даалтад гаргаад буй.
Хэдийгээр гэр бүлийнхэн нь ийнхүү Т.Чимгээг суллахыг шаардсан ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.