УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын дээд шүүхийн саналыг тус шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа танилцууллаа.
Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.2, Шүүхийн тухай хуулийн 25.8.7 дахь заалтыг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн. Гишүүдийн олонхын саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг УИХ-д санал болгохоор шийдвэрлэсэн” гэв.
Цэцийн гишүүнийг УИХ зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Улсын дээд шүүхийн санал болгосон цэцийн гурван гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусжээ.
Иймд хоёр орон гарсан тоон дээр 18 хүн өрсөлдөж, Ж.Эрдэнэбулган олонхын санал авч чадсан байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд саналаа хэлсэн.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлэв. Тэрбээр “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй байна. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа.
АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө” гэв.