Засгийн газар өнөөдөр 14:30 цагаас ээлжит бус хуралдаан зарлалаа. Хуралдаанд Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Шадар сайд танилцуулга хийх юм байна.
Өнөө өглөөний 11:00 цагийн байдлаар шинээр 285 хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Шинээр бүртгэгдсэн халдваруудын 267 нь Улаанбаатар хотод, 18 тохиолдол нь орон нутагт бүртгэгдэв. Тодруулбал Завхан нэг , Төв хоёр , Баянхонгор нэг, Орхон гурав, Дорноговь хоёр, Дархан-Уул долоо , Архангай аймагт хоёр шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Өнгөрөгч Даваа гарагт УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар гуравдугаар сарын 29-ныг хүртэл улбар шар түвшинд шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 05-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй. Харин үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах зэрэг тодорхой зохицуулалтууд хийнэ гэж мэдэгдсэн.
Гэвч халдварын тархалт өндөр байгаа учраас уг асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болов.