АН-ын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Нийслэлийн АН-ын даргын тамгыг Э.Бат-үүлд гардуулж өгсөн юм. Мөн Ардчилсан намын даргын сонгууль болж буйтай холбоотойгоор зарим нэг зүйлд тайлбар өглөө.
Тэрбээр “Манай намын дотоод сонгуулийн журам гэж байдаг. Тухайн журмаар бүх саналын эрхтэй гишүүд нийтээрээ ямар нэг нөлөөгүйгээр нууцаар санал өгөх эрхтэй. Сонгуулийг зөвхөн цаасаар авна гэсэн заалт байхгүй. Тийм учраас дотоод сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу цахим сонгуулийг зохиох гэж байна. Энэхүү санал хураалтад ямар нэгэн дүрэм зөрчсөн үйлдэл байхгүй. Мөн анх зарлахдаа санал хураах өдөр хоёр талд, хоёр өөр өдөр байсан. Тиймээс зөвшилцөл хийх үүднээс анх зарлагдсан гуравдугаар сарын 28-нд болгож өөрчилсөн. Яг үнэндээ сонгуулийн санал хураах өдрийг урагшлуулсан нь манай талын таван нэр дэвшигчид тун хохиролтой байгаа. Гэсэн хэдий ч намын эв нэгдлийн төлөө маш том буулт хийсэн. Нөгөө талдаа нэгдэх санал тавьсан. Эхний удаад уриалсан, хоёр дахь удаад хэрэг эрхлэх газраас албан хүсэлт хүргүүлсэн. Энэ албан хүсэлтэд одоогоор албан ёсны хариулт ирээгүй байгаа” гэлээ.
Хэрвээ зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд хоёр талд, хоёр хүн сонгогдоно. Сонгогдсон хоёр хүнийг хэнийг нь албан ёсны даргаар нэрлэх вэ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн сэтгүүлчдийн асуултад мөн хариулт өглөө.
"Хууль эрх зүйн хүрээнд Ардчилсан нам гэдэг бүртгэл нэг л байгууллага дээр байгаа. Тэгвэл нэг бүлэг хүмүүс дундаасаа нэг хүнийг гаргаж ирснээ Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх гэж очвол тухайн хүмүүс Ардчилсан нам гэдгийг батлах цаас үзүүлэх ёстой. Тухайн цаас нь АН-ын гишүүд гэдгийг нотлох гэрчилгээ гэтэл нөгөө талын хүмүүст тийм нотлох баримт байхгүй. Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн газар ямарваа нэг байгууллагыг давхардуулж бүртгэдэгүй. Өнөөдөр Ардчилсан нам нэрээр бүртгүүлсэн нэг л нам бий. Энэ намын дотоод сонгууль яг одоо энд л явагдаж байна" гэлээ.