Олон улсын байгууллагын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун Pfizer/BioNTech вакцин орж ирлээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас вакциныг хүлээн авах үеэр хяналт шалгалт хийж, халдваргүйжүүлэн ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ.
Манай улсад коронавирусийн халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 242 мянган хүнийг хамруулаад байна.
"В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 5 хайрцаг, 149 килограмм КОВИД-19 вирусийн эсрэг Pfizer вакциныг ийнхүү авчирлаа.
Уг вакциныг lithium батарейтай тусгай зориулалтын хайрцагтайгаар тээвэрлэж ирлээ" гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Pfizer вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулах тухай мэдэгдсэн билээ.
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас АНУ болон ХБНГУ-ын хамтран бүтээсэн Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон.
Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авчээ.
Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ. /Эх сурвалж: ЭМЯ/
Өмнө нь буюу 2021 оны 3 дугаар сарын 12-нд COVAX хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авсан юм.