ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Түүнийг өнөөдөр ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргажээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг албан тушаалаа ашиглан өөрийн хүү Б.Энхмөрөнг газрын даргаар томилуулсан гэх мэдээлэл гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байв. Түүнчлэн Б.Энхмөрөн нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэн, ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад ороогүй байсан юм.
Түүний томилогдсон ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заагдсан Төрийн захиргааны албан тушаалын “ахлах түшмэл” гэх ангилал зэрэглэлд багтдаг учир тус албан тушаалд “төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэдэг шалгуурыг хангасан хүн л томилогдох хуулийн заалттай аж.