Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) допингтой холбоотой хэргийг татаж хянуулах талаар Нийслэлийн Прокурорын газарт хандсан байна.
Мэдэгдэлд,
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН, ЕРӨНХИЙ ПРОКУРОР Ш.НЯМДОРЖ ТАНАА
Допингтой холбогдох хэргийг татаж хянуулах тухай
"Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн эрх үүрэгтэй байгууллага юм. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр олон нийтэд хандан өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн талаарх мэдээлэл өгөхдөө 2009-2018 онд Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж Биеийн тамир, спортын газрын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар анх мэдээлсэн бөгөөд тэр цагаас хойш эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байсаар өнөөдрийг хүрлээ.
Допингтой холбоотой энэ хэргийн талаарх мэдээлэл өгөхийг бөхчүүд болон бөх сонирхогчдоос МҮБХ-нд болон миний нэр дээр 20 гаруй хүсэлт, гомдол ирээд байгаа тул МҮБХ-ноос АТГ-т дээрх шалгагдаж байгаа хэргийн талаар 2020 оны нэгдзгээр сарын 30-ны өдрийн 01/13 тоот, гуравдугаар сарын 19-ний өдрийн 01/25 тоот, 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 01/170 тоот албан бичгүүдээр тус тус хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээлэлийг авахаар хандахад “…Нууцлалыг хангах үүрэгтэй, мэдээлэх боломжгүйг мэдэгдье” гэсэн нэг л хариуг бидэнд хуулбарлан өгсөөр байна. Харин МҮБХ АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэрэг дээрээ “Нотлох баримт ирүүлэх” талаарх албан бичгийн хариуг тухай бүрт нь шуурхай өгч байсан болно.
Гэтэл бөхчүүд болон олон нийтийн дунд дээрх эрүүгийн хэргийн талаар элдэв хардлага гарч, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээлэлийг биднээс байнга шаардаж, нэхэж байгаа бөгөөд удахгүй болох МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал, "Их Эе"-ийн хурал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлтгэл ажлуудыг хангахтай холбогдуулан зохион байгуулагдах уулзалт, хурлууд дээр уг асуудал дахин сөхөгдөж яригдах нь тодорхой болоод байна.
Иймд допингтой холбоотой дээрх эрүүгийн хэргийг Та татаж хянан, нууцийн зэрэглэлд оруулаагүй л бол, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг манайд өгнө үү.
Жич: АТГ-аас МҮБХ-нд ирүүлсэн болон тус газар руу явуулсан албан бичгүүдийн хуулбаруудыг хавсаргав" гэжээ.
Хүндэтгэсэн: ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ