ЯАМНЫ 3 ДАВХАР
Их хотын төвд баригдсан анхны түүхт энэхүү орон сууц “Эко констракшн” ХХК-ны зохион байгуулалттай дээрэмд золиослогдож, тоногдсон балгас болоод хоёр дахь хавраа үдэж байна. Төд удахгүй газрын хөрснөөс арчигдаж, оронд нь өндөр шилэн оффис баригдах биз ээ. Дагаад харин бидний түүхэн ой санамж бүдгэрч, шинэхэн хотын иргэд байтугай унаган Улаанбаатарчууд төрсөн хотдоо төөрөх цаг айсуй.
ЭСГИЙ ХОТООС ЭЛИТҮҮДИЙН ХОРООЛОЛ
Суурьшлын бүс нь төвөөсөө тэлэх зарчмаар хөгждөг учир улсын нийслэл, тэр тусмаа хотын төв (downtown) бол тухайн орны ой санамж, үндэстний түүхийн нэгэн хэмжээс болдог. Хуучны хэдэн байраа авч үлдэхгүй бол ирээдүй хойч үе маань Улаанбаатарыг шугам зурагтаа муу хүмүүсийн шамбааралдуулж барьсан хэдэн шилэн барилгуудаар төсөөлөх бололтой. Тийм хотод ямар хүн хоргодох билээ. Гудамж тохой бүр нь түүх өгүүлэх сэлүүхэн Бээжин, Бэрлин рүү улам бүр тэмүүлцгээх бус уу?
Нүүдэлчин Монголчууд хотожсон үндэстнүүдийг “шавар хотдоо шавалдан суудаг, байсан газартаа байран нутагладаг” гэж ёжлон үздэг байсан ч өөрсдөө хот байгуулалтын мянганаар хэмжигдэх баялаг түүхтэй гэдгийг археологийн олдворууд нотолсоор байна. Гэхдээ тэдгээр хотууд нь дайн дажны хөлд хэдийн устаж, харин эсгий хот, сүм хийдийн төвлөрөл хэлбэрээр дөрвөн зууны турш оршиж байсан Улаанбаатарын хотжилтын түүх нь 1940-өөд оны эхэн үед анхны орон сууцнууд баригдсан үеэс эхэлдэг.
Нийслэл хотын чанх төвд, Төв шуудангийн өмнө орших одоо балгас болсон гурван давхар орон сууцыг 1938 онд Дотоод явдлын яамны Барилгын хэрэг эрхлэх газарт Зөвлөхөөр ажиллаж байсан архитектор Н.М.Щепетильниковын хийсэн зураг төслийн дагуу олзлогдсон япон цэргүүдийн хүчээр барьжээ. Тэгэхээр энэ байр бол Улаанбаатарт баригдсан анхны орон сууц төдийгүй паартай байшинд амьдарч, паалантай жорлонд суусан нийслэлийн анхны оршин суугчдын гал голомт гэсэн үг.
Архитектор Н.М.Щепетильников бол 1938-1947 онд Монголд ажиллахдаа МУИС-ийн төв байр, Засгийн газрын ордон, Гадаад явдлын яам, “Алтай” зочид буудал /хуучин Хотын Захиргааны байр/, Элдэв-Очирын нэрэмжит кино театр зэрэг олон барилгын зураг төслийг боловсруулсан нэгэн. Манай хотын дүр төрхийг тодорхойлсон нэгэн ч гээд өргөмжилчихмөөр.
Хуучнаар Сүхбаатарын районы 3-р хорооны В.И.Лениний өргөн чөлөөнд, одоогийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөөнд байрладаг энэ байранд Цэргийн явдлын яам, Дотоод явдлын яамны өндөр албан тушаалын генерал, офицерууд амьдран суудаг байв. Үүнээс нь болж нийслэлчүүдийн дунд “Яамны 3 давхар” гэдэг нэрээрээ танил болсон байна.
Х.Чойбалсангийн үеийн Дотоод явдлын яамны сайд, хошууч генерал Д.Батаа, Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Б.Цог, НАХЯ-ны сайд, хурандаа генерал Б.Дэжид, алдарт хурандаа С.Батхуяг, Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны Ар талын газрын дарга, хурандаа Доржпалам, Монгол тээхийн дарга хурандаа Буяндэлгэр, анхны гавьяат нисэгч, хурандаа Цэрэндорж нар, НАХЯ-ны дэргэдэх КГБ-ын зөвлөх, сургагч генералууд мөн энэ байранд амьдарч байлаа.
Батлан хамгаалах яамны сайд Ж.Лхагвасүрэнгийн охин Лхагвадулам дурсахдаа, “Булангийн орц их том, гурвалжин хэлбэртэй, зайтай. Тэр булангийн үүднээс манай сургуулийн автобус биднийг авдаг байлаа. Манайхыг тэнд байхад Дорж, Цог генералууд, зөвлөлтийн мэргэжилтэн генералууд байдаг байсан” гэжээ.
Энэ байр НАХЯ-ны мэдэлд байсан болохоор Яамны 3 давхар гэж нэрлэж заншжээ. Бат бөх хийцтэй, боржин чулуун суурьтай, хана нь 77-80 см зузаан, орцны шат нь чулуун, байрууд нь маш тохилог, тааз нь 3 метр өндөр байв.
1974 онд Сайд нарын Зөвлөлийн даргаар томилогдсон Жамбын Батмөнхийг Сансар хороолол дахь байрнаас нь нүүлгэн, энэ байранд төвхнүүлж, 1984 онд Думаагийн Содном түүний халааг авахад 40 мянгатаас мөн л энд нүүлгэж авчирчээ. Тэгэхээр БНМАУ-ын Ерөнхий сайдын өргөө энэ байранд байсан гэсэн үг юм.
Байрны хамгаалалтыг НАХЯ-ны 3-р газрын тусгай хамгаалалтын тасаг хариуцаж байсан учраас гаднаас зочин нэвтрэхээр бол тусгай зөвшөөрөл авч ордог байв. Бараг 1990-ээд оны дунд үе хүртэл энэ байрны хүүхдүүд гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожилж мэддэггүй байсан гэдэг.
ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ
1990 онд зураач, уран барималч, сийлбэрч Ш.Галсандоржийн бүтээсэн "Цагаан морин жилийн гараа" монументаль мозайкийг энэ байрны хананд урласнаар байрны ач холбогдол, өнгө чимэг улам нэмэгджээ. Ардчилсан хувьсгалын дараа Улаанбаатар хотын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанаас мозайкын уралдаан зарлаж, уран бүтээлч Ш.Галсандоржийн эскиз шалгарснаар Улаанбаатар хотын Ерөнхий зураач Ц.Ваанчигийн зөвшөөрлөөр хийгджээ. Ш.Галсандорж тухайн үед бүтээлдээ 100 жилийн баталгаа өгч байсан гэдэг. Мозайк дурсгалын хэмжээ 3 хэсгээс бүрдэж, нийт 134.56 м2 бөгөөд 170 ширхэг хавтангаас бүрджээ.
Энэхүү мозайк нь үүл манан суунагласан хөх тэнгэрийн голд хадагтай чандмана орших агаад арван хоёр жилээс цагаан морин жилийг онцолж, цагаан морь хөлөглөсөн баатар эр туг атгаж, баруун талд нь Чингис хааны Цагаан туг, зүүн талд нь тусгаар тогтнолын бэлгэдэл Соёмбо дүрсэлжээ. Энэ нь Цагаан морин жилд Монгол төр, түмний хөгжин мандах ирээдүйг бэлгэдсэн аж.
Энэ мозайкыг хайрлаж хадгалах нь наанадаж түүхийн үнэт дурсгалаа авч үлдэн хойч үедээ өвлүүлэх, цаанадаж цагаан морин жилийн хувьсгалын үнэт зүйлсээ амь бөхтэй хэвээр байлгах ач холбогдолтой.
ПЯТЫЙ ДОМ СОВЕТОВ
Түүхэн дурсгалт барилгуудаа хамгаалж, дахин засварлаж, улсын түүхээ хадгалдаг нь соёлт олон улсын жишиг. Олон жишээ бичихээ азнаад “Яамны 3 давхар”-тай төстэй түүхтэй ганцхан жишээ дурдья.
Москва хотын төвд Романовын өргөн чөлөөнд орших “5-й Дом Советов” хэмээх 100 жилийн настай орон сууц бий. Архитектор А.Ф.Мейснерийн зураг төслөөр 1895-1898 онд баригдсан энэ байранд Зөвлөлтийн нам, төр, цэргийн элитүүд амьдран суудаг байв.
В.М.Молотов, Н.С.Хрущев, Г.М.Маленков, А.Н.Косыгин зэрэг Зөвлөлт гүрний Ерөнхий сайд нар, Иргэний дайны баатар М.В.Фрунзе, С.М.Будённый, К.Е.Ворошилов, Дэлхийн II дайны ялалтын маршалууд, Монгол Улсын Баатар Г.К.Жуков, И.С.Конев, В.И.Чуйков, С.К.Тимошенко, К.К.Рокоссовский, Р.Я.Малиновский, тэр ч бүү хэл нисэх хүчний маршал, Монголын нисэх хүчнийг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын Баатар В.А.Судец нар насан эцэслэх хүртлээ энд амьдарчээ.
100 жил болсон энэ байрыг нураах сэдэл хэнд ч төрсөнгүй. Тэр ч байтугай сэргээн засварлаж, 2014 онд ОХУ-ын Соёлын яам соёлын өвөөр бүртгэж, оршин суугч түүхэн зүтгэлтнүүдийн дурсгалын самбарыг босгосон нь Москва хотын төвийг чимэх өвөрмөц дурсгал болон оршсоор байна. Оросын хойч үеийнхэн ч гэсэн эндээс түүх гэдэг гарт баригдах зүйлгүй зөвхөн сурах бичиг дээрх өнгөрсөн баларсан үеийн тухай дурсамж гэдгээс огт өөр ойлголтыг авч, өөрсдөө тэрхүү түүхийнхээ үргэлжлэл нь гэдгийг ойлгож авдаг ажээ.
СОХОР ЗООСНЫ НҮДЭЭР СОЁЛЫН ӨВИЙГ ТОНОСОН НЬ
Хотын чанх төвд оршдог газрыг нь ашиглахын тулд “Эко констракшн” хэмээх дуулиант компани “зохион байгуулалттай дээрэм” хийжээ. “Эко Констракшн” ажилтнуудынхаа нэр дээр “Яамны 3 давхар”-т хэдэн байрыг чимээгүйхэн худалдаж авсан бөгөөд зориуд тэдгээр байрныхаа хаалга, цонхыг нь эвдэж, балгас мэт болгон оршин суугчдыг амьдрах нөхцөлгүй болгов.
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос уг байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дүгнэлт, акт гарсан эсэх нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаас хууль, журмын дагуу албан ёсоор тухайн байрыг буулгах, шинээр барих талаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулаагүй байхад "Эко констракшн" ХХК нь орон сууцны ашиглалтын байдлыг дордуулсан нь нийт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд хүргэжээ гэсэн дүгнэлт гаргасан байна.
Оршин суугчид, СӨХ нь хэчнээн эсэргүүцсэн ч “Эко констракшн” өөрсдийн ажилтнуудаас бүрдсэн тусдаа зохиомол СӨХ байгуулж, "уг орон сууцанд цууралт өгч, ашиглалтын шаардлага хангахааргүй болсон бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин төлөвлөлтөд оруулсан" гэдэг худал мэдээллийг өгчээ. Гэтэл 2018 оны 12 дугаар сард Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар уг байр дахин төлөвлөлтөд ороогүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна.
2019 оны 12 дугаар сард “Яамны 3 давхар”-ыг нураах болсон тул “Цагаан морин жилийн гараа” мозайкийг яаран хуулах ажлыг хийж, 170 ширхэг дөрвөлжин хавтанг 43 хайрцагт хийгээд “Бодь дарма” гэх сангийн агуулахад хадгалсан гэсэн мэдээлэл байна.
Оршин суугчид олон арга замаар тэмцсэн ч “Эко констракш”-ны өмнө хүчин мөхөстжээ.
СОЁЛДОО ХАЙР ГАМГҮЙ ХАНДДАГ АРД ТҮМЭН
Соёл бол үеэс үед уламжлагдсан бэлгэ тэмдэг, үнэт зүйлсийн цогц юм. Он жилийн салхинд гандаж элэгдэхгүй юмс гэж үгүй. Гагцхүү хамгаалалт, сэргээн засварлалтын үр дүнд өнгөрсөн түүхийг өнөөдөртэй холбох соёлын дурсгал үлддэг.
АНУ-ын нийслэл Вашингтон дахь манай Элчин сайдын яам байрлах Жоржтаун дүүргийн “М” гудамжны 19-р зууны үеийнхээрээ өдгөөг хүртэл хэвээрээ хадгалагдсан хэвээр. Тэдгээр барилгуудын хэлбэрт ямар нэг өөрчлөлт хийх хориотой байдаг. Тэглээ гээд энэ хэсэгт худалдаа наймаа багассангүй. Харин ч хуучин, шинийг хослуулж Вашингтон хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг болж жуулчдаар дүүрсэн байна.
Манай сэтгэлгээгээр бол энэ муу хэдэн халтар байрыг хадгалахын тулд ямар их мөнгө үрдэг юм бэ гэж халаглахаар. Гэтэл өмнөх үетэйгээ холбогдох ямар нэг биет зүйлгүйгээр бид хэчнээн мөнгөтэй байгаад хэн ч биш болж хувирах билээ. Мөнгийг яаж ийж байгаад олж болно. Харин өнгөрсөн үеийн алдаа оноо, ой дурсамжийг нэг алга болгочихвол дахин сэргээх боломжгүй. Чингис хааныхаа үеэс уламжилж ирсэн эд өлгийн зүйлс бараг байхгүй шахам бид түүхээсээ суралцахгүй хэвээр байсаар байх уу?
Нөгөө талаас “Улаанбаатарын хуучны барилгуудыг Европын барилгуудтай яаж харьцуулах юм бэ? Нураахад хайран биш!” гэж сайрхах нь өөрсдийгөө гутааж таашаал авахаас өөрцгүй хэрэг. Асуудал гоо үзэсгэлэндээ биш, харин өнгөрсөн зууны туршид хамтдаа бүтээсэн түүхээ, түүнийхээ эд баримтыг үгүй хийж өөрсдийгөө хэн ч биш болгож буйд байгаа билээ. Өнөөдөр энэ барилгыг нураачхаад маргааш хэн нэгэн Жанжин Ж.Лхагвасүрэнг үгүйсгэхэд бид амьдарч байсан байрыг нь зааж өгөөд бурууг нь хэлэх аргагүй болно.
Улаанбаатарт анх баригдсан барилгууд бол Монгол, Орос архитекторуудын өрнө, дорнын сонгодог хослол, нийслэлийн түүхийн үүдэл цэг, бас түүхэн зүтгэлтнүүдийн амьдрал үйлсийн цогц хоршил юм. Манай нийслэлийн хотжилтын түүх ХХ зууны эхний хагасаас эхэлдэг учраас нийслэлийн анхны барилгуудын үнэ цэн Европын эртний орон сууцнуудын үнэ цэнтэй харьцангуй утгаараа тэнцэх юм.
Монголчууд нүүдэлчид болохыг соёлыг зөвхөн соён гэгээрэл, телевизийн контент зэргээр төсөөлөх нь хэт өрөөсгөл. Хэдэн жилийн өмнө Соёлын яам 1908 онд баригдсан Чойжин ламын сүмийг сэргээн засварлахдаа хуучны хөх тоосгон ханыг нь нураагаад барилгын материалын зах дээр зарагддаг улаан тоосгоор хана барьчихсан байж билээ.
Бид хэзээ болтол соёлт ертөнцийг сохор зоосны нүдээр харж, соёлын тухай нийтлэг стандарт үнэлэмжийг хувийн соёл, мэдлэгийн түвшингээрээ дүгнэцгээх вэ?