Өвөрхангай аймгийн онцгой комиссс өчигдөр орой хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тус комиссоос "Өвөрхангай аймагт covid-19-ийн 27 эерэг тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Хужирт суманд 23 тохиолдол, Хархорин суманд 4 тохиолдол тус тус бүртгэгдэв. Хужирт сумын "Сэмжид Хужирт" амралтад амарч байсан 50 иргэн одоо Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад бий. Эдгээр хүмүүс болон одоо "Сэмжид Хужирт" амралтад амарч буй амрагчид, ажилчид гээд нийт 166 хүнээс шинжилгээ авахад 27 нь халдвар авсан нь тогтоогдлоо. Тус амралтын газрын долоон ажилтан, 20 амрагчаас халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийж, Хужирт сум руу эмчилгээний баг гарсан. Зоонозын зөөврийн шинжилгээний багийг Хужиртад ажиллуулахаар болж байна. Халдварыг аль болох хурдан хугацаанд хумихыг хичээнэ. Амралт, сувиллын газраас л ийм нөхцөл байдал үүслээ.
Арвайхээр суманд тусгаарлагдсан амралтын газрын хоёр иргэний PCR шинжилгээний сорьцыг бүсийн оношилгоо, шинжилгээний төвд урьдчилан шинжлэхэд эерэг гарсан. Шинжилгээг бататгахын тулд ХӨСҮТ дахин сорьцод шинжилгээ хийхээр болсон. Одоогоор эерэг гэж үзээд, эмчилгээний ажлаа эхлүүлээд байна.
Ойрын, дам хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын 280 иргэнийг тогтоож, гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтал 1451 иргэнийг илрүүлсэн. Тандалт, судалгааны ажил үргэлжилж байна. Нийт 12 суманд 833 ор бэлдсэн. Зочид буудлуудтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Аймгийн нийт хүн амын нэг хувь буюу 1141 хүн халдвар авна гэсэн тооцоо гаргасан. Үүнд тулгуурлаж бэлтгэл ажлаа хангаж байна" хэмээн мэдээлэв.