Их Британийн ханхүү Харри сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Калифорнийн BetterUp компанийн захирлаар ажиллаж эхэлснийг ВВС мэдээллээ.
Тэрбээр компанийн стратегийн шийдвэр гаргах, буяны үйл ажиллагааг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө үг хэлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллах юм байна.
2013 онд байгуулагдсан BetterUp компани нь мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон коучингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Харри "Би хүмүүсийн амьдралд нөлөөлөхийг хүсэж байна. Коучинг нь хувь хүний хөгжил, хэтийн төлөв, хувь хүний сэтгэлгээг тэлэх, амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах хязгааргүй их боломжийг олгодог" хэмээн Wall Street Journal-д ярьжээ.
Хунтайж Харри бага наснаасаа хойш байнга даван туулж ирсэн сэтгэл зүйн асуудлаа, ялангуяа ээж Диана гүнжийн үхэлтэй эвлэрэх нь түүнд ямар хэцүү байсан талаар хэдэнтээ ярьж байсан билээ.