УОК-ын шийдвэрээр гадаад дахь иргэдээ үе шаттайгаар татан авч буй. Энэ дагуу гуравдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ: Гуравдугаар сард товлосон нислэгийн хуваарийн дагуу маргааш Сөүлээс 165 иргэн эх орондоо ирнэ. Энэхүү нислэгээр тус улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байна. Цөөн тохиолдолд, Тайвань, Испани улсаас зайлшгүй шаардлагаар нутаг буцах хүсэлтэй иргэд багтаж байгаа юм. Мөн УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 20 гаруй иргэнийг энэ сарын 30-ны Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэх шийдвэр гарсан. Хилийн боомтоор нэвтрэх иргэдээ 10 хоног тусгаарлана.
Дөрөвдүгээр сарын нислэгийн тов зарлагдсан. Ирэх сард 400 гаруй иргэн эх орондоо ирэх тооцоо байна. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тухайд улс бүрт харилцан адилгүй. Нутаг буцах иргэдийн тоо буурч байна. Энэ нь гуравдугаар сарын нислэгээр ажиглагдаж байна.
Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан CoVax хөтөлбөрийн хүрээнд Файзер 25 мянган тун вакциныг өнөөдөр татан авна. Энэхүү вакцинд зорилтот бүлгийн 65-аас дээш насны болон архаг хууч хүнд өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөжээ.
Гадаад харилцааны яамнаас ирэх тавдугаар сараас хил нээх шийдвэртэй холбогдуулан дараах тайлбарыг өглөө. Тус яамны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшигийн хэлснээр хил нээгдсэн ч өмнөх үе шиг чөлөөтэй гадаадын улс орнууд руу зорчих, хилээр нэвтрэх боломжгүй аж. Тодруулбал, цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмд нийцүүлэн улс орнууд хилийн хязгаарлалт хийснийг онцоллоо. Тэрбээр “Гадаад харилцааны яам өнөөдрийн байдлаар хил нээхтэй холбогдуулан гадаадын улс орнууд хилийн ямар хязгаарлалттай байгааг судалж байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 113 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хааж байна. Үүнтэй холбогдуулан Япон руу зорчих виз авсан иргэд сар гаруйн хугацаанд зорчиж чадахгүй асуудал байна. Тиймээс хил нээнэ гэдэг бүх зүйл чөлөөтэй болно гэсэн үг биш. Сүүлийн үед чартер нислэгтэй холбоотой хүсэлт буурч байна” гэлээ.