Улаанбаатар хотод өчигдөр 22:50 минут орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ. Газар хөдлөлтийн хүч 5.5 магнитуд бөгөөд голомт нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайнд болсон гэж Шуурхай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга М.Өлзийбатаас тодруулахад "Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км-ийн зайд 22:46 минут 54 секундэд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтөөс үүдсэн хүчтэй чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ. Чичирхийлэл нь нийслэлд 3-5 балл орчмоор мэдэгдлээ. Урьдчилсан байдлаар нийслэлийн ихэнх хүмүүст мэдрэгдсэн байна” гэлээ.
Он гарсаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болжээ. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд чичирхийлэл нь мэдрэгдсэн байна.
"УЛААНБААТАРТ АЮУЛЫН ТҮВШИНД ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЭЭГҮЙ"
Онцгой байдлын ерөнхий газраас ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран өчигдөр шөнө газар хөдлөлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан:
-Бидний хувьд нийслэлийн хатуу хөрсөнд 2-3 баллаар мэдрэгдсэн. Балл гэдэг нь газар хөдлөлтийн төвөөс янз бүрийн зайд мэдрэхийг хэлнэ. Газар хөдлөлтийн давтамж нь хүчээс хамаарна. Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аюулын түвшинд хүрээгүй тул газар хөдлөлтийн давтамжийн хүч нь буурна. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт аюулын түвшинд хүрч мэдрэгдээгүй учраас зарлан мэдээллийн дохио автоматаар дуугараагүй.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирол гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Тодруулбал, байшин барилга нурах, хүний амь эрсэдсэн томоохон хохирол гараагүй аж. ОБЕГ-аас газар хөдлөлтийн үед нуугд, суу, хүлээ гэсэн гурван зарчим баримтлахыг зөвлөв.