Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэд УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргасан юм. Энэ асуудлаар Цэцийн гишүүд өчигдөр хуралдаж, Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэх дүгнэлт гаргасан хэмээн эх сурвалж мэдээлж, өрөг.мн сайт энэ талаар мэдээлсэн.
Харин цахим орчинд цэц хуралдаж, ямар нэг шийдвэр гаргаагүй. Цэцийн гишүүд нь хуурамч бланк, хуурамч тамга тэмдэг ашиглаж шийдвэр гаргасан зэрэг мэдээлэл хөвөрсөн юм. Бид энэ талаар ҮХЦ-ийн гишүүдээс тодруулахаар утсаар холбогдлоо.
ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо: Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг хуурамч тамга тэмдэг бланк ашиглаагүй. Хуурамч сонин мэдээлэл байна. Хууль дүрэм журмаа мөрдөхгүй ажиллана гэж байхгүй. Цэцийн гишүүд хоорондоо санал зөрөлдөх байх л асуудал. Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон гэв.
Ингэснээр Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээлэл хүчингүй болж байгаа юм. Харин ҮХЦ-ийн гишүүн Нанзаддоржийн утас холбогдоогүй бол ҮХЦ-ийн гишүүн Э.Одбаяр манай хэвлэлийн ажилтанаас мэдээлэл ав гэв.