73 жилийн түүхтэй Монголын боксын холбооны түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдлээ.
AIBA буюу Олон улсын боксын холбоо өнөөдөр Монголын боксын холбоонд баярын захидал ирүүлж, Олон улсын боксын холбооны дэргэдэх "Аваргууд ба алдартнууд" комиссын гишүүнээр "Бээжин-2008" зуны ХХIX олимпийн наадмын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчны Энхбатын Бадар-Ууган сонгогдсоныг мэдэгджээ.
AIBA-гийн Ерөнхийлөгчийн зүгээс олимпийн аваргад болон анх удаа Олон Улсын боксын холбоонд хариуцлагатай алба хаших төлөөлөлтэй болсонд баяр хүргэн, амжилт хүссэн байна.
"Аваргууд ба алдартнууд" комисс нь Олон улсын боксын холбооны дэргэд шинээр байгуулагдсан, цаашид холбооны үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэйгээр оролцох, өндөр ач холбогдол өгч буй комисс юм.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган тус комиссын гишүүн болсноор Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдсон тохиолдол болж байна.