Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг цар тахлын үеэр Сүхбаатарын талбайд жагссан үндэслэлээр 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал түүнд Зөрчлийн хуулиар дээрх торгуулийг оноожээ.
Торгууль төлөх болсон талаараа А.Отгонбаатар “Торгуулийн хуудас авлаа!!! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ. Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэнээ өмөөрч тэмцээд 150000 төгрөгөөр торгуулж байна. Намайг гүтгэж харлуулах гэж бгаа та нэг өдөр бусдын зовлонг өөр шигээ Санаж зориг гаргаж тэмцээрэй” гэжээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 19-нд коронавирусийн халдвар авсан, төрөөд удаагүй эхийг “Өргөө” амаржих газраас Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжлүүлэхдээ идэр есийн хүйтнээр гэрийн халад, шаахайтай гаргасан эмч нарын хариуцлагагүй үйлдлийг А.Отгонбаатар нарын иргэд шүүмжилж, маргааш нь Сүхбаатарын талбайд эсэргүүцэн жагсч байсан юм.