Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас тэдний орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг өчигдөр Улсын дээд шүүхээр хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс гурван нэр дэвшигч нэрээ татаж, хоёр нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан.
Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэхээр болжээ.
НЭР ДЭВШИГЧ Ж.ЭРДЭНЭБУЛГАН ГЭЖ ХЭН БЭ?
Хуулийн салбарынхны хувьд бусад нэр дэвшигчдийг бодвол харьцангуй мэргэжлийн, зарчимтай хүн Цэцийн гишүүнээр сонгогдлоо хэмээн дүгнэж байна. Түүний хувьд эрх зүй, хуульч мэргэжилтэй. Дундговь аймгийн шүүхээс ажлын гараагаа эхлүүлж, МУИС-д олон жил багшаар ажиллажээ. Хуулийн салбартаа мэргэшсэн хэмээн салбарынхан нь дүгнэж буй.
Жуужаа овогтой Эрдэнэбулган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал.
Эрдмийн зэрэг, цол:
Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор
Мэргэжил:
Эрх зүйч, Хуульч
Мэргэшсэн чиглэл:
Эрүүгийн эрх зүй
Ажлын туршлага:
- 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
- 1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
- 2004 -2006 он МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
- 2006-2015 он МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
- 2015 оноос МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга
Мэргэжлийн үйл ажиллагаа:
- 1996 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2013 оноос Монголын Хуульчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
- 2013-2015 он Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
- 2013-2014 он МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
- 2015-2018 он Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүн.
- 2017 оноос Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн,
- 2017 оноос Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
Гадаад хэл:
- Орос, Англи хэлний зохих мэдлэгтэй