Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог нь уламжлал болжээ. Нийслэлийн статистикийн газрын үнэ ханшийн мэдээллээр үхрийн цул мах килограмм нь 12-14 мянган төгрөг, хонины мах кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь гурван сарын хугацаанд махны үнэ 1000-2153 төгрөг хүртэл нэмэгдсэн дүн юм. Махны үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдсэн энэ үед нөөцийн махны худалдаа нийслэлийнхэнд хүлээлт үүсгээд буй. Гуравдугаар сар дундаа орсон энэ үед хямд үнэтэй мах иргэдийн гар дээр очсон байх ёстой ч өнөөдөр захын аль ч дэлгүүрт нөөцийн мах алга. Энэ жилийн хувьд, нийслэлийнхний хаврын махны хэрэгцээнд 11 мянган тонн мах бэлтгэж нөөцөлжээ. Засгийн газраас цар тахлын үед махны нөөцийг хангалттай бэлтгэсэн нь энэ аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр нөөцийн махыг энэ сарын 29-өөс худалдаанд гаргахаар тооцжээ. Тодруулбал, энэ жил нөөцийн махны үнэ ханшийг 2020 оны үнэ ханшаар тогтоож 7000 төгрөгөөс хэтрэхгүй байх бодлого барьж байгаа аж. Өнгөрсөн онд үхрийн мах кг нь 7200, хонины мах, 6000, ямааны мах 5500 төгрөгийн үнэтэй 230 цэгээр борлуулж байв. Тэгвэл энэ жил 300 цэгт нөөцийн мах борлуулахаар төлөвлөжээ.
Хэдийгээр энэ жил бэлтгэл махны үнэ өссөн ч нөөцийн махны үнэд өөрчлөлт орохгүй, үнийг тогтвортой барих бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас /ХХААХҮЯ/ баримталж байгаа гэв.
Энэ хүрээнд нөөцийн махны үнэ ханшийг Засгийн газрын энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоох юм.