Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардууллаа.
Чингис хаан одонг 2005 оноос хойш их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" буюу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд олгож ирсэн. Харин цар тахлын улмаас өнгөрсөн онд энэхүү шагналыг олгоогүй юм. Тиймээс монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Чингис хааны одон олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: БНХМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний баатар хүн. Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэ өдөр таньд төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан одонг гардуулж байна. Танд урт нас, удаан жаргалыг хүсье гэлээ.
Монгол-Зөвлөлтийн хоёр улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа: Сансрын хамтарсан нислэг бол их олон хүний хөдөлмөрөөр бүтсэн. Шинжлэх ухааны байгууллага, олон эрдэмтэн судлаачид бий. Намайг өндөр үнэлж байгаа явдал бол тэр олон байгууллага, хүмүүсийг үнэлж байгаагийн илэрхийлэл. Монголынхоо ард түмний буян хишгийг хүртлээ. Та бүхэндээ баярлалаа.
Чингис хаан одонг дараах эрхэм, нэр хүндтэй хүмүүст олгоод байгаа юм.
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг