УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар олон асуудлыг хэлэлцлээ. Гишүүд 100 хувийн ирцтэй оролцсон. Бүлгээс нэн яаралтай өргөн барих хоёр хууль байна гэж үзлээ. Нэг нь, Шилэн дансны тухай хууль байна. Энэ хуулийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Тэгэхгүй бол зарим нэг этгээд шантааж хэлбэрээр ашиглаж байна. Хуулиа бэлэн болгож, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч арай батлах болоогүй гэдэг хариуг өгсөн. Татвар төлөгчдийн нэг төгрөг ч гэсэн олон нийтийн хяналтад байх ёстой. Нөгөө нь, Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой гэдэг хууль. Засгийн газар бас л бидэнтэй санал нэгдээгүй.
Нөгөө талаараа АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичиг хүргүүлсэн. Энэ мөнгө бол УИХ-аас гадна яваа. Өнөөдрийн байдлаар цар тахал ямар байгааг харж байна. Өдөрт халдварын тоо 200 гарч байна. Өмнөх Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Засгийн газар нь шал дордлоо. "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Хотын даргад хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Хэдхэн хоногийн өмнө байгалийн гамшигт үзэгдэл болж Дундговь аймагт 10 хүн нас барлаа. Үүнд маш хариуцлагагүй ажилласан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоолоо. Дөрвөн хүүхэдтэй эмэгтэй 15 давхраас унаж амиа алдлаа. Энэ УОК-ийн хариуцлагагүй шийдвэрээс болж ард иргэд маш их хохирч байна" гэж ярилаа.