Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусийн тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа мэдэгдээд, "Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр "Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулах ёстой" гэж үзэж байгаа аж.