УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү агсны хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. Одоогоос хоёр жилийн өмнө 2019 оны тавдугаар сарын 17-нд яг энэ төрийн ордонд Батхүү агсан цаг бусаар амиа алдсан байдаг. Энэ хэрэг дээр нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, маш нууцын зэрэглэлтэйгээр хэргийг мөрдөн шалгаж байсан. Хоёр жилийн хугацаанд АН-ын гишүүд хууль, хяналтын байгууллагын ажлыг хүндэтгэн тэвчээртэйгээр хүлээсэн. Гэтэл саяхан хэргийн эзэн тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газарт хэргийг хаах саналыг явуулсан байна гэх мэдээ, мэдээлэл явж байгаа. Энэ хэргийг тойрсон маш олон ойлгомжгүй учир битүүлэг асуудлууд байгаа учраас энэ хэрэг дээр бид өнөөдөр энэ хэргийг хариуцлагатайгаар мөрдөн шалгаач гэдэг шаардлагыг тавьж байна. Ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа бид тэмцэнэ. Хэдхэн хоногийн өмнө Батхүүгийн агсны гэр бүлийнхэнд 13 секундийн бичлэгийг өгсөн гэх залуу гэртээ учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр явсан. Үүнийг одоогоор үгүйсгэсэн, нотолсон мэдээлэл алга. Үүнийгээ тодорхой болгох ёстой. Яг жилийн өмнө Батхүү агсны гэр бүлийнхэнтэй өмгөөлөгч Ж.Батхуяг хэд хэдэн мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл шинжилгээний дүнд сэтгэл хангалуун биш байна. Энэ бол маш буруу гарсан гэдэг хэд хэдэн дүгнэлтийг хэлсэн. Гар утас дээрх мэдээллүүдийг нь устгасан байна гэдэг асуудлуудыг ярьсан. Мөн талийгаачийг MRA шинжилгээнд оруулаач ээ гэсэн асуудлыг хүлээж аваагүй гомдлыг ярьсан хэвлэлийн хурлын дараагаар өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын нууц задалсан хэргээр ял сонсгосон байдаг. Тиймээс бид өнөөдөр энэ хэргийг нийтэд ил тодорхой болгооч, учир битүүлгээр битгий хаагаач гэдэг асуудлыг хариуцлагатайгаар тавьж байна. Өнөөдөр хөдөө хээр газар биш тусга хамгаалалттай төрийн ордонд гарсан хэргийг илрүүлж чадахгүй байна гэдэг нь хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байна уу үгүй юу гэдгийг эргэлзээ төрүүлж байгаа. Тийм учраас С.Зориг агсны хэрэг шиг сонгууль болгоны өмнө шоу хийгээд асуудлыг гаргаж ирж тавиад байх биш өнөөдөр энэ хэргийг нэг тийш нь мухарлаж эзэн холбогдогчийг нь тогтоох нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм.
Төрийн албан хаагчид хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийхийг бид шаардаж байна” гэлээ.