Манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хэзээ вакцин хийлгэх, эрэмбэ дарааллын талаар ямар ойлголттой байгааг иргэдээс тодрууллаа.
“Вакцин хэзээ хийлгэхээ хугацааг нь мэдсэн юм алга. Би 74 настай. Одоо 64 хүртэл нь настай иргэдэд вакцин хийж байгаа юм билээ. Ямар нэгэн мэдээлэл өгөх л байлгүй дээ бодвол. Тэрийг нь чагнаад л сууж байна”
“Би төмөр замаас өндөр настны тэтгэвэрт гарсан хүн. Манай Улаанбаатар төмөр зам оросын вакцин хийлгэн гэж байгаа. Тэгэхээр түүндээ хамрагдана гэсэн хүсэлтэй байна. Бид нар энэ сарын сүүлээр юм уу, дөрвөн сарын эхээр хийгдэх байх гэж би бодож байна. Эхлээд үйлчилгээнд явж байгаа хүмүүсээ хамруулна гэсэн. Тэд хамрагдаад дууссаны дараа бид яараад яах вэ. Тэд нарын дараа хамрагдахад болно”
“Вакцинд хамрагдахгүй. Яагаад гэвэл вакцин олон газраас орж ирж байгаа. Яг хаанаас орж ирж байгаа нь мэдэгдэхгүй, тодорхой бус вакцин их явж байна”
“Энэ вакциныг эсэргүүцээд байгаа биз дээ. Угаасаа батлагдаагүй юм хийгээд байгаа юм биш үү? Тэгж л ойлгосон шүү дээ. Баталгаатай бол вакцинд хамрагдана. Баталгаагүй бол хамрагдахыг хүсэхгүй”
“Оросын вакцин, Энэтхэгийн вакцин гээд 2 төрөл байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд 50-аас дээш насны хүмүүст албан шаардлагаар хийж байгаа гэсэн. Би вакцин хийлгэхгүй. Туссан тохиолдолд хүнд өвчин мөн үү гэдэгт итгэлтэй биш байгаа. Монголчууд ханиад их хүрдэг. Ханиад хүрээл эдгэрч байна. Эрсдэлтэй хүмүүс суурь өвчтэй, өндөр настан ямар нэгэн өвчин тусахад сэргэх чадвар муу хүмүүс сэргийлэх нь зөв. Залуу хүмүүс туссан ч эрсдэлээ даваад явах боломжтой”
“Вакцин хэзээ хийлгэх тухай ойлголт алга. Ямар ч байсан дүүрэг дээрээ хийлгэнэ гэсэн ойлголттой байгаа” гэлээ.
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар иргэдээс тодруулахад ихэнх нь хэзээ хийлгэх нь тодорхойгүй, үр дүн нь баталгаагүй гэсэн дүгнэлттэй байна.