“Тэр” буландаа жүжигчин Хүсэлбаатарын Баярмааг урьж ярилцлаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ё.Цогын ач охин, жүжигчин, найруулагч Ц.Хүсэлбаатар, хошин урлагийн анхдагчдын нэг Гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн охин тэрээр урлагт хөл тавихад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан болоод хүүхэд нас, хүсэл мөрөөдлийнхөө талаар шинэхэн кионных нь зураг авалтынхаа талбай дээр ярилцлаа.
-Жүжигчний мэргэжлээ дангаар нь биш хос болгон АНУ-д төгсөөд ирсэн талаараа яриагаа эхлүүлье.
-Би жүжигчин, зохиолч, продюсер мэргэжилтэй. СУИС-д тайзны урлаг болон кино урлагийн мэргэжлээр 4 жил суралцан 2012 онд төгссөнөөсөө хойш жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж байна.
Дундуур нь 2016 онд АНУ-ын Миссури мужийн Missouri State University-д кино зохиолч, продюсер, найруулагч мэргэжлээр суралцаад магистрын дипломоо аваад монголдоо ирсэн. Одоо мэргэжлээрээ зохиолоо давхар бичээд ажиллаж байгаа.
-Жүжигчин мэргэжлийг сонгоход аав, ээжийн нөлөөлөл их байсан болов уу?
Мэдээж жүжигчний мэргэжлийг дурлаж өөрөө дурлаж байж сонгосон. Бүүр жаахан байхаасаа ээжтэйгээ цуг драмын театрт ажиллаж байх үед нь дагаад гүйдэг байсан. Драмын театрын мундаг ахмад уран бүтээлчдийн тоглолтыг хараад багаасаа драмын урлагт, жүжиглэх кино урлагт дурласан гэж хэлж болно.
Намайг жүжигчний мэргэжлийг сонгоход манай гэр бүлийнхэн дуртай байгаагүй. Их эсэргүүцэж байсан. Ялангуяа ээж маань энэ тал дээр жаахан дургүйцэж хүлээж авч байсан.
-Хаяа ээжийнхээ үгэнд ордог байж дээ гэж бодох үе тохиох юм уу?
-Жүжигчний мэргэжлийн сонгосондоо маш их баяртай байдаг. Жүжиглэх урлаг тайз чинь тэр чигтээ ид шидийн урлаг шиг санагддаг. байсан. Тийм болохоор багаасаа тэр ид шидэд дурласан юм болов уу гэж би өөрийгөө боддог.
Хамгийн сайхан мэргэжлийг, хамгийн аз жаргалтай болгодог мэргэжлийг, хамгийн зовохгүйгээр хийдэг мэргэжлийг сонгосон юм болов уу гэж боддог.
-Багадаа хэр сахилгагүй хүүхэд байсан бол?
-Багийнхаа бичлэгийг үзэхээр дуу цөөнтэй маш их ичимхий хүүхэд байсан. Одоо ч гэсэн дотор хүн маань хүмүүст харагддаг шигээ биш гэж би боддог.
Хатуу аав, ээжийн гараар өссөн болоод тэр юм уу ер нь жаахан чимээгүй байдаг талын хүн.
-Одоогийн Баярмаа хүүхэд байхаасаа хэр өөрчлөгдсөн бэ. Өөрийн тань тоглосон дүрүүдийг харахад нэлээд чөлөөтэй, нээлттэй хүн болов уу гэж боддог байлаа?
-Одоо ч гэсэн Баярмааг гаднаас нь харахад жүжигчин мэргэжилтэй, жүжигчин хүмүүс хэзээ ч даруухан байдаггүй гэдэг хүмүүсийн нийтлэг ойлголт байдаг. Тэр бол тийм биш. Яг доторх хүн маань үг дуу цөөнтэй хүн. Ажлын тал дээр бол мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа учраас задгай байх газраа заавал задгай байх шаардлагатай.
-Баярмаа хайр сэтглийн тал дээр хэр нээлттэй хүн бэ?
-Хайр сэтгэлийн тал дээр би нээлттэй биш. Ялангуяа сонин, зурагт, радио, сэтгүүлүүдэд тэр талаараа нээлттэй байдаггүй. Тэрийг өөртөө үлдээе гэж боддог.
-Өвөө, аав, ээж гээд бүгд урлагийн хүмүүс. Гэр бүлээрээ нэг уран бүтээл дээр ажиллах ямар байдаг вэ?
-Урлагийн хүмүүсийн хүүхэд гэдэг утгаараа ажил мэргэжлийн талбар дээр цугтаа ажиллахад маш өндөр шаардлагатай ажилладаг.
Жүжигчний мэргэжил 24 цаг ажиллаж байх ёстой мэргэжил. Эргэн тойрноосоо суралцах ёстой. Илүү даруу төлөв, даруулгатай байх ёстой.
-Мэргэжилдээ ахиж, дэвшиж хөгжихөд юу тушаа болох болно гнж боддог вэ?
– Би олон дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй. Гарын арван хуруунд багтахаар л. Хийж байгаа уран бүтээл бүрээсээ маш их зүйл сурдаг.
Их зан суух, биеэ тоох энэ л жинхэнэ жүжигчин хүнийг зогсоодог зүйл юм болов уу гэж би боддог.
Өөрийгөө аль болох өөрийнхөө хэмжээнд хөгжүүлэх юмсан гэж боддог.
-Ойрын төлөвлөгөөг тань сонирхож болох уу?
-Би одоо сэтгэл зүрх, нүдэндээ харж явдаг мөрөөдлүүд байгаа. Тэр мөрөөдлүүдээ хүрэх юмсан гэж боддог. Тэр мөрөөдөлдөө хүрэх гэж яваад АНУ-д диплом хамгаалаад ирсэн.
Хүн хүсвэл хичээвэл болдоггүй юм гэж байдаггүй юм байна.
Залуу хүн юм чинь залхууралгүй өөрөө өөрийгөө ялаад өөртэйгөө тэмцэж ялж гараарай. Мөрөөдөлдөө заавал хүрээрэй.