Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно. Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж, теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргажээ.
Тушаалд Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл, сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, орон нутагт танхимын хичээл эхлээд удаагүй учир дээрх амралтын долоо хоногт хичээллэнэ. Харин нийслэлд теле, цахим хичээлийг үргэлжлүүлэх аж.
Гуравдугаар улирлын хичээл танхимаар орох эсэх талаар БШУЯ-наас тодруулахад, "Танхимын сургалтыг эхлүүлэх эсэх шийдвэрийг УОК гаргах учир уг шийдвэрийг хүлээж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.