Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн халдварын талаарх мэдээллийг хийлээ.
Өчигдөр улсын хэмжээнд 15,293 хүний сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,806 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдолын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 5 тохиолдол нь Хөвсгөл аймагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3,351 боллоо. Дотоодын халдварын тоо 4,273 болоод байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- Налайх дүүргийн 4 дүгээр хороо,
- БЗД-ийн 13, 20 дугаар хороо,
- БГД-ийн 6, 8 дугаар хороо,
- СХД-ийн 34, 35, 37, 42 дугаар хороонд байна.
55 ХҮН ЭМЧЛЭГДЭН ЭМНЭЛГЭЭС ГАРСНААР НИЙТ ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 3,351 БОЛЛОО
Өнөөдрийн байдлаар нийт 1,359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь
- хөнгөн 1200
- хүндэвтэр 146
- хүнд 9
- нэн хүнд 3 хүн
Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй" гэлээ.
УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 189.969 ХҮНИЙГ ДАРХЛААЖУУЛЛАА
Вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Гуравдугаар сарын 19-ний байдлаар нийслэлд 43 цэг, 104 баг ажиллаж, нийт 17,656 хүнийг дархлаажуулсан. Мөн Өмнөговь аймгийн 9 суманд 1,148 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингээд улсын хэмжээнд нийт 189,969 хүнийг дархлаажуулаад байна.
Иргэдэд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, булчингаар өвдөх зэрэг хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн. Дархлаажуулалтад өдөрт ойролцоогоор 15-20 мянган хүнийг хамруулж байгаа. Ази номхон далайн бүс нутгийн орнуудад вакцинжуулалт хийгдсэн байдлаас гуравдугаар сарын 17-ны өдрөөр харахад манай улс гуравдугаар байранд буюу 4.21 хувийн үзүүлэлттэй байна" гэлээ.
Синофармын вакцины 150 мянган хүн тунгаас 107,769 хүн тун одоогоор хийгдсэн
Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 75 мянган хүн тун АстраЗенека вакцин дууссан. Мөн Солонгос улсад үйлдвэрлэсэн 7,200 хүн тун АстраЗенека вакцин бас дууссан. Синофармын вакцины 150 мянган хүн тунгаас 107,769 хүн тун одоогоор хийгдсэн 189,969 хүн тунг ашигласан байна.
Мөн Синофарм вакцины 42,231 хүн тунг ашиглаж байгаа ба 43 цэгт тараасан.
ХӨСҮТ-ийн нөөцөд давтан тунд зориулагдсан вакцин байгаа. Синофармын давтан тунг дөрөвдүгээр сарын 15-наас, АстраЗенекаг дөрөвдүгээр сарын 23-наас хийж эхэлнэ.