Төрөхийн өмнөх тасгаар үйлчлүүлж байгаа жирэмсэн ээжүүдээс PCR шинжилгээ болон ямар бичиг баримт шаардаж байгааг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчээс тодрууллаа
Баянзүрх дүүргийн 10 төвийн эх барих эмэгтэйчүүдийн хяналтын эмч Г.Батцэцэгтэй ярилцлаа.
-Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтын үзлэгт ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Шинэ жирэмсэн ээжүүд бүх төрлийн шинжилгээнүүдээ бүрдүүлж ирнэ. Дотор эрхтэн таван цулын эхо болон жирэмсний эхогоо хийлгэсэн байх ёстой байдаг. Эдгээрийг бүрдүүлж ирсэн тохиолдолд жирэмсний дотор эход үзүүлээд тухайн хорооныхоо хяналтын эмчид үзүүлж байгаа.
-Жирэмсэн үзүүлэх гэж байгаа ээжүүдээс заавал PCR шинжилгээ шаардаж байгаа юу?
-Одоогоор PCR шинжилгээ шаардахгүй. Нэг өрх, нэг хаалга хариугаар нь оруулж байгаа. Тохиолдол болон хавьтал гараагүй үед тухайн жирэмснээс PCR шаардахгүй.
-Яаралтай тохиолдолд амаржихаар ирсэн эмэгтэйчүүдийг төрөх эмнэлгүүд PCR шинжилгээгүй байвал оруулж байгаа болов уу?
-Баянзүрх дүүргийн жирэмсэн ээжүүд төрөхөөр очихдоо нийслэлийн Амгалан амаржих газар төрдөг. Амгалан амаржих газар 72 цагийн дотор PCR шинжилгээтэй ирээрэй гэж зөвлөж байгаа. Бид төрөх дөхсөн ээжүүдээ 34-36 долоо хоногоос хойш PCR шинжилгээ өгөхийг зөвлөж байна. Манайх яаралтай тохиолдол гарсан үед түргэвчилсэн сорил авч байгаа.
Иргэд:
“Сардаа нэг үзүүлдэг. Тэр болгонд PCR шинжилгээ шаарддаггүй. Төрөх дөхөж байгаа болохоор PCR шинжилгээ хийлгээд төрөх эмнэлэг рүүгээ явна. Хүндрэл гэх юм байхгүй”
“Гурван сартай таван сартайд үзүүлдэг. PCR шинжилгээ шаардахгүй байгаа. Гэхдээ ажлаа хийдэг учраас ажлын шаардлагаар PCR өгсөн. Одоогийн байдлаар надад хүндрэл тулгараагүй байна”
Төрөхийн өмнөх амбулатор нэгээр үйлчлүүлж байгаа жирэмсэн ээжүүдээс PCR шинжилгээ шаардахгүй мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээ авч байна. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулатори нэгээс мэдээллээ.