"Ширэн бээлий" клубын тамирчин М.Мягмаржаргал Токиогийн олимпын 75 кг-ын жинд өрсөлдөх эрхээ авсан талаар бид мэдээлсэн билээ. Ийнхүү тэрээр монголын боксын спортын түүхэнд олимпын эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байгаа.
Тодруулбал, Олон улсын боксын холбооноос зургаадугаар сард зохиох байсан олимпын эрх олгох тэмцээн КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагджээ. Улмаар олимпын эрхийг дэлхийн чансааны дагуу өгөхөөр болж тив бүрт 53 эрх хуваарилсан.
Үүний дагуу чансаа дээгүүр бичигдэж байсан эмэгтэй 75 кг жингийн тамирчин М.Мягмаржаргал, эрэгтэй 49 кг жингийн ОУХМ Э.Цэндбаатар нар эрхээ авлаа.
Токиогийн олимпын эрхээ авсан "Ширэн бээлий" клубын тамирчин М.Мягмаржаргалтай цөөн хором ярилцлаа.
-Олимпын эрхээ авсанд баяр хүргэе.
-Баярлалаа. 2017, 2018, 2019 онд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн ранк оноогоор олимпын эрх олгосон. Оноо маань хүрч олимпын эрх авсандаа баяртай байна.
-Бэлтгэл сургуулилтаа хаана, хэрхэн хангаж байна?
-Би нуруундаа бэртэл авчхаад бэлтгэлээ хийхгүй байсан. Гэхдээ олимпын эрх авна гэдгээ сүүлийн хэд хоногт мэдэн эмчилгээндээ орсон. Манай боксын хамт олон Хандгайтад бэлтгэлдээ гарсан. Эмчилгээгээ дуусгаад баг хамт олон дээрээ очоод бэлтгэл, сургуулилтаа базаана. Надад хугацаа байгаа.
-Боксын спортыг яагаад сонгох болсон талаараа сонирхуулахгүй юу?
-Манай оюутан ангийн Нямсүрэн гэдэг охин боксоор хичээллэдэг намайг яваач ээ гэдэг байсан. Анх Ширэн бээлий клуб дээр очиход Төрөө багш чи боксоор хичээллэ, 60 кг-д тоглоно гээд л явж эхэлсэн дээ. Одоо ес дэх жилдээ боксоор хичээллэж байна.
-Олимпын эрхээ аваад ямар сэтгэгдэл төрж байв?
-Хамгийн түрүүнд айсан. Яана аа, нурууны бэртэл минь яаж байгаа билээ, бэлтгэлээ гүйцэж хийж чадах болов уу гээд хамгийн түрүүнд айсан. Тэгээд ээждээ “Би айж байна энэ чинь Дэлхийн аварга, Азийн аварга, Улсын аварга биш энэ чинь бүхэл бүтэн Олимп” гэхэд ээж “Чи чадах ёстой болоод л орсон байгаа юм биш үү” гэхэд “Нээрээ л тийм юм болов уу” гэж бодсон. Одоо бол тайвшраад бэлтгэл сургуулилтаа яаж хийх үү гэдгээ багш, хамт олонтойгоо ярилцаж байна.
Боксын эхний эрхийг Б.Чинзориг өнгөрсөн онд авсан. Ингэснээр Монгол улсын гурван боксчин Токиогийн олимпд оролцохоор болж байна.