Францын нийслэл Парис болон ойролцоох бүс нутгуудад дахин хөл хорио тогтоохоор болжээ. Францын хойд хэсэг, Ницца орчмын бүс нутгийг бямба гарагаас эхлэн дөрвөн долоо хоног үргэлжлэх хөл хорионы шинэ бүсэд оруулсан байна. Эдгээр бүс нутгуудад Ковид-19-ийн халдварын тохиолдол огцом нэмэгджээ.
Францад нэг өдөрт коронавирусийн 35 мянган тохиолдол бүртгэгдэж байгаагаас Их Британийн шинэ хувлбар дөрөвний гурван хувийг эзэлж байгаа аж.
Ерөнхий сайд Жан Кастекс Францын зарим хэсэг коронавирусийн гурав дахь давлагаанд өртөж байна гэж хэлсэн байна. Тус улсад хоногт Ковид-19-ийн 35 мянган тохиолдол бүртгэгдэж байгаагаас Их Британийн гэгдэх шинэ хувилбар дөрөвний гурван хувийг эзэлж байна. Парисын бүс нутагт нөхцөл байдал нэн түгшүүртэй байгаа аж. Тодруулбал, Ковидоор өвдсөн 1200 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт байгаа нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын хоёр дахь давлагааны оргил үеэс өндөр байгаа юм.
Шинээр тогтоосон хөл хорионы дэглэмд сургууль, их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, иргэдийн гадаа дасгал хийх цагийг хязгаарлаах зэргийг багтаагаагүй байна. Гэвч жижиг дэлгүүрүүдийг хааж, Парисаас гарахыг хориглохоор болжээ.
Орон даяар тогтоосон цагийн хязгаарлалт хэвээр үргэлжилж байгаа бөгөөд зуны цагийн хуваарьт шилжиж 18 биш 19 цагаас хязгаарлалтын цаг эхлүүлэхээр болсон байна.
Ерөнхий сайд Кастекс мөн маргаашаас эхлэн Франц улс АстраЗенека вакцины хэрэглээгээ үргэлжлүүлж, өөрөө тариулна гэж мэдэгджээ.