Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуур зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа билээ. Уг оношлуурыг хэзээ ашиглалтад оруулах талаар оношлуур бүтээж буй багийн гишүүн, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатараас тодруулахад "ЭМЯ-ны ёсзүйн хорооны өнөөдрийн /2021.3.18/ хурлаар манай багийн бүтээсэн оношлуурыг ашиглахыг зөвшөөрсөн. Даваа гаригаас хэрэглэж эхлэх байх" гэлээ.
Одоогоор шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээнд шаардлагатай урвалж 1000 ширхэг байгаа аж. Хэрэв шаардлагатай урвалжуудыг гаднын улсаас татаад авчихвал өдөрт 10-20 мянган шинжилгээний бэлдцийг тус багийнхан нийлүүлэх гэнэ.
ШҮЛСНЭЭС ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ АШИГЛАХАД 90 МИНУТ Л ЗАРЦУУЛНА
Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын давуу тал:
- Судалгааны ажил 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сар хүртэл үндсэндээ гурван сарын турш хэрэгжсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Covid-192ийн халдвартай нь батлагдсан 60 өвчтөнд оношлуурын чанарын хяналтыг хийхэд шүлснээс халдвар илрүүлэх арга нь 100 хувийн мэдрэг чанартай гэсэн үр дүн гарсан байна.
- Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлж чадаж байгаа нь нотлогджээ.
- Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
- Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийнэ.
- Уг оношлуураар шинжилгээ өгөхөд 30 минутын өмнө юм ууж, идээгүй байх шаардлагатай аж.