Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Шалгалтын товыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай зөвшилцөж баталдаг. Одоогоор шалгалтын тов батлагдаж гараагүй байна.
Энэ жилийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохионо. Өөрөөр хэлбэл, зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд шалгалтыг авна. Арванхоёрдугаар ангийн хичээлээс шалгалтын агуулгад орж ирэхгүй.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохиохоос гадна сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байгаа аж. Мөн дэлхий нийтэд тархаад байгаа Covid-19 цар тахлын үед зохион байгуулж байгаагаас хамааран шалгалтын байр, суудлын хуваарь, шууд засалтын шилэн технологийг ашиглан шууд дамжуулалт хийх зэрэг олон онцлог давуу талтай.
Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор шалгалтыг хэзээ зохион байгуулах, босго оноо нь хэд байх нь ч тодорхойгүй байна. Мөн бусад хичээлийн хэмжээст оноо 200-800, босго оноо нь 410-480 хэвээр байна.
Энэ жил ЭЕШ-д нийт 39 мянган шалгуулагч хамрагдана. Үүний 35797 шалгуулагч нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 3500 орчим нь өмнөх онд төгссөн шалгуулагч байгааг урьдчилсан байдлаар мэдээлсэн.
Бүртгэлийн үед буруу зураг оруулах болон и-мэйл хаягаа буруу бичих тохиолдол их гардгыг албаныхан анхаарууллаа. Мөн онлайн бүртгэлийн хугацаанд амжиж бүртгэлээ хийлгээрэй. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.