Найруулагч Б.Баатарын ТЕГ-т гаргасан гомдлын дагуу шалгах ажил явагдаж байгаа аж.
Энэ талаар ТЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү хэлэхдээ "Бичлэг алдагдсан гэх мэдээллийн дагуу шалгасан. Тухайн үед мөрдөн байцаах ажиллагааны явцад алдагдсан гэх бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан байх магадлалтай байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг дуудаж шалгаж байгаа. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц дуудсан. Харин одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй байгаа" гэлээ.
Мөн тухайн хэрэгт холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Херо энтертаймэнт дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь үнэн үү?
Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тухайн бичлэг нь гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан гэдэг нь тогтоогдсон гэсэн үг.
Ямар баримтууд байгаа вэ?
Одоо хэрэг шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Б.Хурцаас мэдүүлэг авъя гэж хоёр удаа дуудсан боловч одоогоор нэг ч ирээгүй байна. Удаа дараа дуудаад ирэхгүй байвал дараа дараагийн арга хэмжээг авна. Прокурорын дуудан ирүүлэх хуудас явуулна.