Төв аймгийн Сэргэлэн сумын ард иргэд болон газар эзэмшигчдийн эрх, ашгийг Сумын засаг дарга болон Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хохироож байна. Тодруулбал улсын тусгай хэрэгцээнд 22.000 га газрыг авах шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гаргажээ. Тус сумын тусгай хэрэгцээнд авах гэж байгаа 22.000 га газарт 1496 иргэн, аж ахуй нэгж оршин суудаг.
Гэтэл Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар санал авах тухай 2021.03.04-ний өдрийн № 1/813 тоот бичиг ирүүлсэн ба үүнд Сэргэлэн сумын Засаг дарга тус саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гуравдугаар сарын 15-ны дотор ирүүлэх тухай хүсэлтийг бичсэн байжээ.
Ийнхүү тус саналыг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал Сэргэлэн суманд эхэлсэн юм.
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР Монгол Улсын Үндсэн хууль болон газрын тухай хуулийн хэд хэдэн чухал заалтуудыг зөрчиж, ард иргэдийн эзэмшлийн газрыг хууль бусаар тусгай хэрэгцээнд авах гэж байгаа юм. Тодруулбал,
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар Сумын засаг дарга “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай (багын засаг дарга) тохиролцсоны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан.
Гэтэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д зааснаар Сэргэлэн сумын засаг дарга эхлээд нийт 1,496 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай уулзаж, тохиролцсоны үндсэн дээр уг асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй боловч тухайн үүргээ умартан газар авах гэж улайрсаар байгаа юм.
Мөн тухайн сумын Засаг дарга Д.Мөнхбаатар нь өмнө хэд хэдэн удаа газрын асуудалд холбогдож байсан ба Баянзүрх дүүргийн засаг дарга байхдаа Хонхорын баруун талаар олгосон газруудын тухай эрэн сурвалжлах нэвтрүүлгээр ил болж байсан удаатай.