Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох дүүргийн Засаг даргын А/141 захирамж гарлаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч, дүүргийн Шуурхай штабын дарга Б.Цэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Хан-Уул дүүрэгт сүүлийн үед Ковид-19 халдвар эрчимтэй ихсэж байна. Халдвар ихэссэнтэй холбогдуулаад ЭМЯ, Нийлэлийн шуурхай штабаас тодорхой чиглэл ирсэн. Ялангуяа зарим хороод халдварын тандалт шинжилгээг яаралтай хийе гэсний дагуу дүүргийн Шуурхай штаб яаралтай хуралдан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд 2021 оны 3-р сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож байна.
Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эмч Цэндсүрэн "Хан-Уул дүүрэгт одоогийн байдлаар коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 506 байгаа. Үүний 62 нь 15 дугаар хороонд байгаа. Харин Рапид харшид 36 тохиолдол буюу 8 байрны 8 орцонд бүртгэгдсэн. Сүүлийн 7 хоногт энэ 36 тохиолдлын 50 хувь буюу 18 тохиолдол нь бүртгэгдээд байна. Тиймээс Рапид харш хотхоныг хэсэгчилсэн хязгаарлалтад оруулаад 18-аас дээш насны бүх иргэдийг буюу 4300 иргэнийг ковид-19 илрүүлэх PCR шинэлгээнд хамруулахаар төлөвлөсөн. PCR шинжилгээний хариу гарах хүртэл цагдаагийн хамгаалалтад авч байгаа. Эндээс халдвартай иргэн илэрвэл эмнэлгийн байгууллагад зөөвөрлөн хүргэнэ. Үүний дараа мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийнэ. Үүний дараа 50-65 насны өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна" гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
Тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан ПГУ шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөжээ.
Үүнд:
- Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг /ПГУ/ шинжилгээнд хамруулна.
- Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна. -Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
- Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
- Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ. – Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
- Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
- Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
ЖИЧ: Дүүргийн Засаг даргын хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоох захирамжийн дагуу 72 цаг хүртэлх хөл хорины хугацаа дууссанаар хэвийн горимд шилжинэ.
Иймд 72 цагийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжих “Рапид харш” хотхоны иргэд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санамж , зөвлөмжийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай иргэний үүргээ биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос хүслээ.