Баянзүрх дүүргийн 26-р хорооний засаг дарга Г.Отгонбаатар 2018 оноос хойш тус нутаг дэвсгэрт сургууль байгуулна гэж хууль бусаар газрыг нь авсан ТАЙГАМ АЛТАЙ ИКА ХХК-тэй шүүх дээр маргаан үүсгэсэн байжээ. Тэрбээр гуравдугаар сарын 15-ны өдөр тус маргаанын анхан шатны шүүх дээр ялалт байгуулсан байна. Гэтэл 26-р хороонд хөл хорихтой зэрэгцэн тухайн хорооны Засаг даргыг ажлаас нь чөлөөлсөн мэдээллийг дүүргийн Засаг дарга хэлсэн юм. Үүний улмаас тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Тус хороо нь нийт 28 мянган оршин суугчтай харин ганцхан сургуультай. Энэхүү сургууль нь өөрийн гэсэн сургуулийн байргүй ба хувийн сургуулийн байрыг ашиглаж дөрвөн ээлжээр хичээллэдэг байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Д.Сосорбурмаатай утсаар холбогдлоо. Тэрбээр “Би ШУТИС-д багшилдаг. Хорооны Засаг дарга Г.Отгонбаатар бол миний оюутан байсан. Засаг дарга ямар л байх ёстой тэр бүх ажлыг сайн хийдэг залуу. Хорооныхоо бүхий л асуудалд хүрч ажилладаг. Өчигдөр сонин давхцал боллоо.
Хорооны ард байгаа том газар дээр 133 дугаар сургуулийн өргөтгөл барих газрын асуудлаар анхан шатны шүүх дээр хорооны эцэг, эхийн төлөөлөл багтсан Г.Отгонбаатар Засаг даргын багийн ялсан юм. Би энэ хорооны Баян Монгол хороололд олон жил амьдарч байна. Энд хорооны нийт барилга байгууламжийн 89 хувь нь орон сууц. 24 мянган иргэн амьдардаг. Ганцхан сургуультай. Тэр сургууль нь 8 жилийн боловсрол олгодог дунд сургууль хэмжээний, ахлах сургууль биш. Тиймээс энэ хороонд амьдарч байгаа хүүхдийн 80 хувь нь өөр сургууль руу явж суралцах хэрэгтэй болно гэх мэт олон асуудлыг Засаг дарга залуу зохицуулж байсан. Түүнийг өчигдөр халчихлаа. Нийгмийн сэтгэл зүйд маш их бухимдлыг нэг дор өгч бужигнуулж байгаад хорооны Засаг даргыг халлаа. Би хороондоо халдвар хамгааллаа сахин айл бүрийн хаалгыг тогшоод гарын үсэг цуглуулаад явж байна. Баян Монгол хорооллын 16 орцоор яваад сая буцаж ирэхэд иргэдийн цуглуулсан гарын үсгийг хуулаад аваад явчихсан байна. Би гурав дахь удаагаа эргэж ирж байна. Иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсана гэсэн. Би Төрийн албаны хуулийг харсан. 3000 иргэн гарын үсэг зуран цуглуулаад Төрийн албаны зөвлөлд өгсөн байхад шууд шийдвэрлэдэг. Тиймээс иргэдээс гарын үсэг цуглуулан Төрийн албанд өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
133-р сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн Б.Батдэлгэр “2007 оны Олимп хотхоны ерөнхий төлөвлөөгөөр сургууль, цэцэрлэг авна гэж газар авсан байсан. Тэр Олимп хотхоны ажлыг хэрэгжүүлэн ажилладаг ТАЙГАМ АЛТАЙ ИКА ХХК нь сургууль, цэцэрлэгээ барихгүй байсан юм. Тиймээс 2018 онд нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Энэ захирамжинд нь ИКА компани сургууль цэцэрлэгээ барихгүй байгаа учраас газраа буцааж авах тухай бичсэн байсан. Үүний улмаас газраа буцааж авах асуудал үүсэж шүүхдэлцсэн. Ингээд 2021 оны 3-р сарын 15-нд анхан шатны шүүх дээр ялалт байгуулсан” гэлээ.
26-р хорооны засаг дарга асан Г.Отгонбаатараас ажлаа яагаад өгсөн талаар тодрууллаа. Тэрбээр "Намын шахалтаар ажил хийх нөхцөл бүрдэхгүй байсан. Ажил урагшлах боломжгүй байсан учраас ажлаа өгөх өргөдөл өгсөн. Баянзүрх дүүргийн 28 хорооноос хамгийн сүүлд өгсөн хүн нь би" гэлээ. Мөн энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага авах хүсэлтэй илэрийлсэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэлээ.
ДИТХ-ын төлөөлөгч Т.Энхбаяр "26-р хорооноос сонгогдсон төлөөлөгчийн хувиар үүсээд байгаа нөхцөл байдлыг тодруулахаар, иргэдэд нэгдсэн мэдээлэл хүргэхээр хорооны байранд ирсэн боловч хорооны ажилчдыг бүгдийг явуулсан, дүүргээс "томилогдож" ирсэн гэх хэдэн хүн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зураад сууж байна. Нэгдсэн мэдээлэл өгөхийг хүсэхэд дүүргийн ЗДО Жаргалсайхан хэвлэлийн төлөөлөгчийнхөө утасны дугаарыг өгч тэр хүн дээр бүх мэдээлэл байгаа гэж байна. Дэргэд нь утсаар залгаж ярьтал хорооны байрнаас хөөлөө… Сонгосон иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж байж ийм хурган коминуст нөхөрт хөөгдөнө гэж байхгүй шүү.
Ямар учраас 26-р хороонд хатуу хөл хорио тогтоосон, яагаад ажлаа сайн хийж байгаа хорооны ЗДаргыг ажлаас чөлөөлсөн, шинэ томилогдсон Түвшин гэх Засаг дарга ажлаа яагаад хийхгүй байгаа талаар бодит мэдээллийг Та бүхэнд хүргэх болно" хэмээн 26 дугаар хорооны фейсбүүк групп дээр бичжээ.