Эрэн сурвалжлагч У.Болортуяа нэвтрүүлгийн шинэ дугаар “Хөгжлийн бэрхшээлтэй төр” сэдвээр Өрөг.мн сайт болон NTV телевизээр даваа гарагт цацагдсан. Энэ нэвтрүүлгийн мэдээллийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Чулуун-Эрдэнэ хэвлэлийн байгууллагуудад мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өрөг.мн сайт болон NTV телевизээр энэ мэдээллийг харсан. Төрийн албан хаагчийн хувьд хуулийн дагуу олон нийтэд хандаж байгаа. Монгол төрийн албаны тухай хуулийн 37.1.2-т төрийн алба хаахдаа төрийн албан хаагч үнэнч байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай төрийн албан хаагч эвлэрэх ёсгүй гэж заасан байгаа. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын 4.3.1б-д хууль зөрчсөн авилга авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй. Би энэ үүргийнхээ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Тамирт өчигдөр албан ёсоор ёс зүйн зөвлөлд санал гаргаж, энэ хүмүүстэй хариуцлага тооц гэж хэлж байгаа. Өнөөдөр энэхүү асуудлаар Монгол улсын ерөнхий сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Төрийн албаны зөвлөлд ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлт хүргэнэ. Өрөг.мн сайт болон NTV телевизээр гарсан Эрэн сурвалжлагч У.Болортуяа нэвтрүүлгээр 5 асуудал хөндөж гаргасан. Эдгээр асуудлууд нь үнэн бодитой үйл ажиллагаа мөн. Би дотор нь ажиллаж байсан хүн.
Нэгдүгээрт, хүүхдийн компьютерыг яагаад дундаас хулгайлж байгаа юм бэ? Төрийн албаны газрын дарга Б.Хурцэцэг гэдэг хүн тэр компьютер агуулахад байгаа шүү дээ аваач гэж хэлж байгаа. Ийм ёс зүйгүй байж болохгүй, би тэр хүний хувийн компанид ажиллаж байгаа биш.
Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн талаар гарч байсан. 2019, 2020 онд хамгийн өндөр дүнтэй буюу Төрийн бус байгууллагад 20 хүртэлх сая төгрөгийг энэ дарга нарын хамаарал бүхий байгууллагууд хувааж авсан байгаа нь ойлгомжтой. 2020 онд энэ төслийн хоёр удаагийн уулзалтыг архидан согтууруулах, хор найруулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Энэ бол Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Сосорбарам нар амралтын газар очсон бичлэг гарсан. Энэ хүмүүс бодитой үйл ажиллагаа хийсэн 5-р сарын 1-нд Тэрэлж явсан. Ийм хууль зөрчсөн, хулгай хийсэн үйл ажиллагаа явсаар байх уу? Бид үүнийг мэдсэн мэдээгүй байгаад байх уу? Төрийн алба гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг, татвар төлөгчдийн мөнгөөр цалин орлого аваад амьдралаа залгуулдаг хүмүүс. Би ч тэдний нэг.
Гуравдугаарт, 100 сая төгрөгөөр Sonata машин худалдаж авсан байна. Энэ машин зах зээлийн үнэ хэд байдгийг хүмүүс мэдэж байгаа. 150 сая төгрөгөөр авсан лифттэй автобус хаана байна. Лифттэй автобус хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамгийн чухал хэрэгтэй. Тэр автобус хаана байгаа вэ? Би энэ газар 3 жил ажиллаж байхдаа тэр автобусыг олж хараагүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар дэмжих хөтөлбөрийн талаар ямар төсөл хэрэгжээд хэчнээн хүн ажилд орсон гэх тоо баримтыг биднээс нуудаг, ил тод байхгүй. Ер нь бол 920 сая төгрөг буюу 184 хүн албан ёсны ажлын байртай болох ёстой. Яг болж байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар гэх энэ агентлаг байгуулагдаад 3 жил болоход ямар дорвитой ажил хийснийг хэлж мэдэхгүй байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг видеоноос хүлээн авч үзнэ үү.
Эрэн сурвалжлагч У.Болортуяа нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.